10 аав тутмын 1 нь шинэ аавын сэтгэл гутралд автдаг судалгаа байдаг. Хүүхэд төрснөөс хойш 6 сар хүртэл энэхүү сэтгэл гутрал нь үргэлжилж болно. Энэ үед маш тайван бус болох, гэр нь тухгүй санагдах, шантрах, урам зориггүй болох, амархан стресстэх зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ.
Мэдээж шинэ хүн мэндлэхэд баяр баясал авч ирж байгаа ч шинээр ээж аав болж байгаа залуу хосуудын аль алинд нь тооцоолоогүй асуудал маш их гардаг. Нярай хүүхдийн арчилгаа, нярай хүүхдийн уйлах өвдөх бэрхшээл, гэнэтийн их ачаалал гээд энэ бүгд сэтгэл гутралд аваачдаг. Гэхдээ энэ нь огтоос буруу зүйл биш.
Ямар нэг зүйлд сэтгэл гутарлаа гээд тухайн хүнийг сул дорой, буруу бодолтой, муу хүн гэж дүгнэж болохгүй. Нэгэнт л энэ төрлийн сэтгэл гутрал байдаг гэдэг нь тогтоогдсон тул энэхүү сэтгэл гутралаас хурдан ангижрахдаа л анхаарах нь зүйтэй юм. Эс бөгөөс шинэхэн аавууд гэр бүлээ орхиж явдаг нь өөрийн сэтгэл гутралаа гадагшлуулаагүйгээс үүдэж буруу шийдвэрт хүрч байгаа нь тэр юм.
Сэтгэл гутралаа тайлж чадахгүй дарж явснаар маш олон буруу шийдвэрт хүрдэг. Мөн эхнэрүүд нь ч энэ үед "Зөвхөн надад хэцүү байгаа" гэдэг өнцгөөс харахгүй байх. Хажуудахаа аль болох ойлгох. Хамтдаа даван гарна гэсэн сэтгэл зүйтэй байх хэрэгтэй.
Шинэхэн аавын сэтгэл гутралд нөлөөлөх томоохон хүчин зүйлс бол тооцоолоогүй асуудал. Санхүүгийн асуудал болон ажлын ачаалал, гэрийн ачаалал улам нэмэгдэх тооцоолоогүй зүйлс олширдог. Тэгэхээр аав болохоос өмнө эрчүүд маань "Надад маш их ачаалал ирнэ шүү" гэж бодох нь тооцоолоогүй байдлаас үүдэлтэй сэтгэл гутралаас хамгаалж чадна.
Эхнэрийнхээ хайр халамжид хэт дасчихсан байсан. Өөрөө яг л хүүхэд шиг бөөцийлүүлж байсан бол шинэ хүн мэндлэхэд энэ хэв маяг алдагдаж хэсэг шокийн байдалд орно. Мэдээж энэ үеэр та муу зан сурсан байдлаасаа салж илүү хүчирхэг хүн болж байгаа гэдгээ ойлгох хэрэгтэй.
Хэт стрессээс үүдсэн тестостерон дааврын бууралт. Шинэхэн аав болоод жижиг асуудлуудыг хэт хүндээр тусгаж авснаас стресстэж эрчүүдийн гол даавар болох тестостерон буурах үзэгдэл элбэг. Энэ даавар хэвийн хэмжээнээс буухад эрчүүдийн сэтгэл санаа, зан байдал маш тогтворгүйн дээр мэдрэмтгий эмзэг болдог. Бэлгийн дур хүсэл ч алга болсон байна. Мөн аав болоод маш их жин шалтгаангүй хаяж байвал яалт ч үгүй энэ төрлийн сэтгэл гутралд орсон байх
магадлалтай.
Эхнэрийн сэтгэл зүйн асуудал. Мэдээж хажуудах хань нь сэтгэлээр унаад, эсвэл хэт аашлаад байх үед эрчүүдэд ч гэсэн том нөлөө үзүүлдэг. Ер нь бол сэтгэл гутралаа бие биедээ халдаах магадлалтай. Маш сайхан сэтгэлээ онгойтол ярилцах л төрсний дараах сэтгэл гутралыг бууруулах арга болохоос уур стрессийг шууд цацах нь огтхон ч шийдэл биш.
Ядарч сульдаж, мартамхай болж, хоолны дуршил муудах, жин хаях, байнгын түгшсэн байдалтай байгаа бол мэдрэмжээ байнга ил гаргаарай. Хэдий ачаалал ихтэй, чухал үүрэгтэй байсан ч өөртөө цаг гаргах, өөрийгөө хайрлахаа бүр мөсөн орхигдуулж хэрхэвч болохгүй!
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012
0 Comments