Зарим хүмүүс яагаад цаг баримталдаггүй вэ?


 Punctuality буюу цаг барих соёл нь нийгмийн гол хүч юм. Цаг барих нь бусдыг хүндэтгэх, ажил хэргийг саадгүй явуулахад ихээхэн тустай. Цаг барьдаггүй хүмүүс нь бусдыг үл хүндэтгэх, бусдын ажлыг баллах, багийн ажиллагаанд саад хийх, итгэл үнэмшлээр тоглох зэрэг жижигхэн юм шиг хэр нь маш их гарз хохирлыг бий болгож байдаг. 

Цаашлаад цаг барихгүй үргэлж хоцрох, таслах зэрэг хандлага олширсноор тухайн хүн өөрөө өөрийгөө ч хүндлэх ухамсаргүй болж буруу дадал нь салшгүй хэвшил болдог. Ингэснээр үргэлж хоцордогтой холбоотой сэтгэл гутралд ч автаж болно.😎

Гэхдээ ер нь ямар хүмүүс яагаад цаг барьдаггүй вэ? Цаг барихгүй хоцордог хүмүүсийг хоёр төрөлд хуваана. Хааяа хоцордог ба үргэлж хоцордог. Хааяа хоцролт нь гэнэтийн асуудал, сахилга бат зөрчигдөх, тооцоолоогүй хурд зэрэгтэй холбоотой жижиг шалтгаануудтай байдаг ба энэ нь нэг их авч хэлэлцэх асуудал биш бөгөөд хүн өөрөө дорхноо засчихаж болох зүйл юм. 

Харин үргэлж хоцордог буюу архаг хоцролттой хүмүүст маш том шалтгаануудтай байдаг. Бүүр зарим төрлийн сэтгэцийн өвчин ч хамаарах тохиолдол бий. Тэдгээр шалтгаануудыг тодорхой болгож тухайн хүн өөртэйгээ багагүй хугацаанд тэмцэж архаг хоцролтоос ангижрах боломжтой. Хэдийгээр цаг барихгүй байх нь бүдүүлэг хэрэг ч тэдгээр хүмүүс маань бас сэтгэл зүйн томоохон хам шинжтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр нэгэнт л та өөрийгөө цаг барьдаггүй гэдгээ мэдэж байгаа бол бусдад төвөг учруулахгүйн тулд худал ам өгөхгүй байх, цагтай холбогдолтой ажил хэрэг уулзалтаас татгалзах нь зүйтэй. 

1. Анхаарал төвлөрөлт муу. Анхаарал үл төвлөрдөг хүн худлаа цаг хэлэх, цагтаа амжуулах зүйлсээ тооцоолоогүй байх, хувийн зохион байгуулалтын асуудлаас үүдсэн хоцролт ихтэй байх зэрэг асуудалтай тулгардаг. Тэгэхээр БИ яг юунаас болж хоцроод байгаа вэ? гэдгээ өөрөөсөө асуугаарай. Хэрэв хувийн зохион байгуулалт буюу өөрийгөө бэлдэх үйл явцаас үүдэж цагийн баримжаагаа алдах, бүх зүйл цаг нь тулж яаруу давчуу мэдрэмж ихэвчлэн авдаг бол таны анхаарал төвлөрөл муу байх магадлалтай. Иймд энэ төрлийн хоцролттй хүмүүс анхаарал төвлөрлөө сайжруулж аливаа зүйлсийг цэгц дарааллын дагуу хийх дадал суух ёстой юм. 

2. Үгүй гэж хэлж сураагүй. Зарим зүйл дээр боломжгүй атлаа "За" гэж хэлснээс үүдэж хүнд ч хүлээлт үүсгэж өөртөө ч гай уддаг. Үгүй гэж хэлж сураагүй хүмүүс хоцрох магадлал маш өндөр. Үүнээс үүдэж хоцролт давтагдахын хэрээр дадал болж үлдэх эрсдэлтэй.

3. Дадлаас үүссэн хоцролт. Маш олон жижиг сажиг шалтгаануудаас үүдэж хоцроод байсан нэг мэдэхэд угаасаа л хоцордог болчихсон тийм үү? Хоцроход ямар ч тийм айдас байхгүй болчихсон. Хувхай хар архичин гэдэг шиг. Энэ бол хэвшүүлсэн дадал зуршил гэж ойлгож болно. Энэхүү дадлыг арилгахын тулд ядаж 30 хоног та өдөр бүр нэг зүйл дээр цагийг яс баримтлаж хий. Энэ нь таны сахилга батыг нэмэгдүүлж хэрэггүй зуршлыг үгүй хийх болно. Дадал зурлшлыг дадал зуршил л арилгана.

4. Бусдыг мэдрэх чадвар муутай. Өөрөө юм хийж үзээгүй, хэн нэгнийг хүлээж байгаагүй, багаар ажиллах талаар ойлголтгүй, мэдэхгүйн дээр бусдыг мэдрэх чадваргүй хүмүүс цаг барих талаар ямар ч ойлголтгүй байдаггүй. Мэдээж ийм мэдрэмж муутай хүн өөрөө бүх бэрхшээлийг туучиж байж ойлгох магадлал өндөртэй. 

5. Эцэг эхийн дадал. Эцэг эхээс хүүхэд маш олон зүйлийг өвлөж авдаг. Эцэг эх нь нүдэн дээр нь аливаа зүйлээс хоцроод байх, төлөвлөгөөгөө хойш тавих. Эсвэл хүүхдээ авч явж хоцруулаад байх зэрэг хандлага нь хүүхдийг багаас нь аливаа зүйлд хоцорч болдог юм байна гэсэн мессежээр кодлож байдаг. Гэр бүлийн соёл нь хоцролттой холбоотой бол тухайн хүүхэд цаг барьдаггүй болох магадлал өндөртэй. 

6. IQ өндөр шинийг санаачлагч, бүтээлч чадвар өндөртэй хүмүүс. Дээрх хэдэн шалтгаануудаас хамгийн эерэг нь болоод гайхалтай шалтгаан яах аргагүй мөн. Зарим судалгаагаар чөлөөт уран бүтээлчид цагт баригдах сонирхолгүй байдгийг батласан. Эдгээр хүмүүс нь өөрийгөө олох хүртлээ цагт хэт баригддаг ажил хийж бусдад садаа учруулах тохиолдол байдаг. Энэ төрлийн хүмүүс нь цагтай холбоотой хэмнэлд төрөлхийн тааруу байдаг гэж хэлж болно. Зүгээр л цагт баригдалгүйгээр чөлөөтөөр сэтгэж, уран бүтээл туурвиж, шинэ зүйл санаачилж, хүсэл сонирхолдоо өдөөгдөж юм хийх өгөгдөлтэй байдаг. 

Эцэст нь цаг барих гэдэг ойлголт нь зүгээр л өглөө 9 цагт ажилдаа очсон байх гэдгээр хэмжигдэхгүй. Гагцхүү ганц чухал зүйл нь цаг баримтлахгүй байснаар бусдад садаа учруулж байна уу гэдгийг ойлгох нь чухал юм. Зарим ажилд цагт очих нь биш цагт дуусгах нь чухал байдаг. Энэ ч мөн нэг төрлийн цаг барилт. 

Харин зарим ажилд нэг цагт бүгд нэгэн зэрэг эхлэх шаардлага ч байдаг. Тэгэхээр хүн бүр нэг адил робот шиг байх боломжгүй ба өөрийн онцлогт тохирсон ажлыг хийх, бусдад аль болох садаа учруулахгүй байх, боломжит цагаа үнэнээр нь хэлэх зэрэг соёлтой байх зайлшгүй шаардлагатай. Бусдын ажлыг хүндэтгэж сурснаар та хоцролтоос үүдсэн сэтгэл гутралаас хамгаалагдах боломжтой!

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012

0 Comments