Ирээдүйгүй, ёс зүйгүй, хэлсэн амандаа багтдаггүй, ашиг хонжоо хэт хөөсөн нэг тиймэрхүү захирлын удирдлага доор ажиллаж байгаа бол амьдралын хайран цаг хугацаа болон залуу насны эрч хүч тань дэмий зүйл рүү зарцуулагдаж байнаа гэсэн үг. Харин бид анхнаасаа ийм төрлийн удирдлагатай газраас зайлс хийхийн тулд тэднийг хэрхэн таних вэ?
1. Хэт их ирээдүй ярьсан шинжтэй. Удирдлага хүн төлөвлөгөө болон ирээдүйгээ ярилгүй яах вэ? Гэвч бүүр хүрэх эсэх нь тодорхойгүй хэтийн ирээдүйг хийсвэрлэж яриад байгаа эсэхийг нь нэг анзаараарай. Ойрын төлөвлөгөө болон тухайн төлөвлөгөөний биелэлт, биелэлтийн чанараа системтэй явуулж чадахгүй хэр нь холын ирээдүйг хоосон ярьж байвал тэр удирдах чадваргүй хоосон мөрөөдөгч хүн байх магадлалтай.
2. Хүүхэд хуурах мэт нөхцөл болзол тавигч. Жишээ нь та "Надад машин их хэрэгтэй байгаа" гэдгээ илэрхийлсэн бол тэр нэг их удалгүй танд "Хэрэв чи үүний ард гарвал би чамд машин өгье" гэж болзол тавьж мэднэ. Мэдээж шинэхэн ажилчин үүнд таатай хандах болно. Гэвч тэрээр зөвхөн өөрийн нэр дээр машин аваад танд түр хэрэглүүлж таны амыг таглана. Дараа нь таны ажлын үнэлэмж өсөхгүй, цалин өсөхгүй. Учир нь тэрээр танд машин авч өгсөн гэдэг дуурьсах гавьяатай. Мөн нөгөөх хамгийн их ачаалалтай ажлын гарсан хойно чинь машинаа цэвэрхэн булаагаад авчихна. Дараа нь ам нээх бүртээ "Би чамд машин хүртэл өгч байсан удаатай" гэж оодорч цайны ганц үгтэй болсон байна. Яг л хүүхэд чихрээр хуураад хэрэгтэй зүйлээ зөрүүнд авчих мэт.
3. Ажил үүргийн тодорхойлолтыг үл ойшоодог. Ажил үүргийн тодорхойлолт гэдэг бол хэн юу хийх вэ? Ямар үүрэг хүлээж байгаа вэ? гэдгийг маш сайн тодорхойлогч дүрэм юм. Гэвч энэ гаргасан тодорхойлолтоо өөрөө үгүйсгэж илүү юм хийлгэдэг, ажилчдаа хооронд нь замбараагүй байдлаар үүрэг хариуцлагыг нь хольж хутгадаг. Ингэснээр ажилчдын хооронд үл ойлголцол ихэснэ, эрч хүч багасна, чанар муудна, эргээд тухайн ажлыг хариуцах тодорхой эзэнгүй болдог. Ер нь л нэг тийм замбараагүй хэн юу хийх нь мэдэгдэхгүй холион бантан хутгасан ажлаас нэн дариу гарах хэрэгтэй шүү.
4. Үргэлж шинэ шийдвэр гаргагч. Аятайхан сонсогдож байгаа боловч ажилчид төлөвлөгөөний дагуу араандаа орчихсон явж байтал захирал нь зүсэж орж ирээд бүхнийг бусниулчихдаг тохиолдол байдаг даа. Шинэ шийдвэр гаргаад л түүнийх дагуу хөдөлж байтал удалгүй дахиад л өөр нэг шийдвэр гаргаад. Эцэстээ ямар ч дүнгүй хоцроход ажилчид руугаа хамаг буруугаа тохох жишээний. Ийм явуургүй ул суурьгүй захиралтай газар байнгын алдагдалтай ажиллах тул эртхэн гарахыг зөвлөж байна.
5. Хариуцсан ажлынх нь дундуур орогч. Ажилчнаасаа их зүйлийг хүсээд байгаа мэт ч ажилчиндаа тэрхүү боломжийг нь огтхон ч өгдөггүй. Нэг ажил даалгалаа гэхэд түүнийг хариуцаад хийж байгаа хүний дундуур орж бүхнийг бусниулдаг. Зөвхөн өөрийн таалалд нийцсэн зүйлийг заавал хийлгэх гэж чичирдэг. Яг л таксинд суучхаад жолоочдоо яаж жолоодохыг нь заагаад байгаа мэт төвөгтэй. Тэгсэн хэр нь чи яаж яваад ийм удаан ирж байгаа юм бэ гэж загнах жишээний. Ийм удирдлагын доор ажиллах нь зүгээр л таныг хэн ч биш утсан хүүхэлдэй болгоно.
6. Худалч захирал. Гудамжинд таарсан хэн ч биш нэгэн худал ярих бол нэг их асуудал биш. Харин удирдлага хүнд ажилчид бүгд итгэдэг. Зөв замын дагуу зална гэдэгт нь. Гэвч өнөөх удирдлага нь ажилчид хооронд нь худал яриа тараах, худал ярьж хэн нэгнийг ашиглах, дэмий ажиллуулах, итгэл үнэмшлээр нь тоглох гээд худалч захирал байна гэдэг хамгийн том ёс зүйгүй шинж мөн. Таны захирал 1-2 удаа илт худлаа ярьсан бол эргэлзэх зүйлгүй ажлаа хүлээлгэж өгөөрэй.
7. Шалтаг хайгч. Тухайн ажилчны хэрэг нь дуусах, төсөл дуусах, үйл ажиллагаанаас шалтгаалж цомхотгох шаардлага гарсан тохиолдолд ёс зүйтэй удирдлага бол ажилчиндаа өөр ажил санал болгох эсвэл цалинг нь бүрэн бүтэн өгөөд дараагийн замналд нь амжилт хүсээд соёлтой үдэж өгдөг. Харин ёс зүйгүй удирдлага бол худлаа шалтаг хайсаар л байдаг. Ямар нэг байдлаар таныг буруутан болгоод цалингаас хасаж хөөж явуулах зорилго агуулдаг. Эцэст нь тухайн ажилчин "Би л азгүй арчаагүй" гэж өөртөө гомдож сэтгэлээр унадаг бол яг үнэндээ удирдлага хүний маш бүдүүлэг алдаа байх нь олонтой.
Захирал хүн гэдэг бол үнэний толь бишээ. Захиралтайгаа үргэлж санал нийлдэг ажилчин бол тэр байгууллагын хамгийн хэрэггүй ажилчин гэдэг үг байдгийг ч санаарай. Өнөөдөр та ажилдаа сэтгэл хангалуун бус эсвэл ажлаасаа бүр мөсөн гарсан байж болно. Гэвч таныг маш том ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгээрэй.
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012

0 Comments