Цөөхөн хүүхдүүд л төрөлхийн амьтныг хайрлах зөн өндөртэй байдаг бол ихэнх хүүхэд буруу зөвийн чиг баримжаагүй төрдөг тул бага насандаа болчимгүй үйлс хийх нь элбэг. Энэ насан дээр нь эцэг эх сурган хүмүүжүүлэгчид нь хэлж ярьж чиглүүлж байх ёстой.
Гэвч хэлж ярьж байх ёстой бүхэл бүтэн нэг үеийн эцэг эхчүүд багадаа амьтан тамлаж тарчлааж байснаараа бахархаад ярьж байгаа нь харамсалтай. Амьтанд харгис хэрцгий хандаж (үүнд хорхой шавьж ч ялгаагүй орно) түүнээсээ таашаал авах зан үйлийг Зоосадизм гэж нэрлэдэг.
Зоосадизм нь Психопати буюу хувиа хичээх, бусдыг мэдэрдэггүй, үргэлж нийгэмдээ сөрөг хандлага авчирдаг, заль мэх ихтэй, гэмших сэтгэлгүй зан үйлийн эмгэгийн нэг хэсэг гэж явдаг. Үүнийг сэтгэцийн өвчин гэж үздэггүй. Сэтгэцийн өвчин бол хүн өөрийн удирдлагагүйгээр, ямар ч зорилгогүй үйлдэгдэх эмгэгийг хэлнэ. Мөн сэтгэцийн өвчин бол хүндэтгэх шалтгаантай асуудал юм.
Харин Зоосадизм буюу амьтанг тамлаж таашаал авдаг хүмүүс дээр дурдсанчлан сэтгэцийн хувьд эрүүл ба зүгээр л зан үйлийн эмгэгтэй хэтэрхий сөрөг хүмүүс юм. Яагаад энэ төрлийн зан эмгэг хөгждөг вэ?
Ихэнх судалгаагаар энэ төрлийн эмгэг нь бага наснаас эхэлж суудаг байна. Цаашлаад өсвөр насанд нь илүү их цухалзаж, нас биед хүрэхэд амьдралынх нь салшгүй нэг гаж дон болж хувирдаг. Тэгэхээр бага наснаас үүсэх эрсдэл нь хараа хяналтгүй байх, сургуулийн өмнөх насны боловсрол тааруу олгогдох, хүүхдийн сэтгэлийг хөглөх уяраах хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэх дуу, жүжиг, үлгэр зэрэг уран бүтээлээс хол байлгах, эцэг эхээс авах хайр халамж мэдрэхүй дутах, хүчирхийлэлтэй орчинд өсөх, сул доройгоор өөрийгөө мэдрэх дутуугийн мэдрэмжийг хэт мэдэрсэн зэрэг маш олон шалтгаануудыг дурдаж болно.
Гэсэн хэдий ч нэгэнт нас биед хүрээд амьтан тамлах нь буруу гэдгийг ойлгосон цагтаа энэ зан үйлээ зайлшгүй зогсоох ёстой. Эс бөгөөс амьтнаар зогсохгүй хүний бусдыг мэдрэх мэдрэмж буюу эмпати чадвар улам доройтож амьтан ургамал хүн цаашлаад өөрөөсөө өөр юуг ч үл хайхрах араатан мэт болох эрсдэлтэй. Ийм хүмүүс нийгэм дээр олшрох нь нийтийн амьдралд маш их сөрөг нөлөөтэй.
Учир нь ялаа шумуулаас эхлүүлээд амьтай юм бүхэн энэ хорвоо дэлхий дээр үүрэгтэй, тэгш эрхтэй билээ. Амьтан тамлаж түүнээсээ таашаал авах эмгэгтэй болсон бол тэгээд түүнээсээ салахыг хүсэж байвал эхлээд буруу зүйл хийж байгаа, ард нь хэн хэрхэн хохирч байгааг өөрийн хамгийн хайртай ойр дотнын хүнээр орлуулж мэдрэх нь гарцаагүй зөв арга. Хайрын мэдрэмжээ нэмэгдүүлэх. Эцэст нь тэвчих.
Бид өөр эерэг зүйлээс таашаал авч сурвал сөрөг зүйлээс таашаал авах мэдрэмж аяндаа арилдаг.
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012
0 Comments