Өөрийгөө хайрлах энгийн 5н арга


 Өөрийгөө хайрладаг хүн л сэтгэл зүй болоод бие мах бодийн хувьд эрүүл байх боломжтой. Эрүүл байх нь их үйл хэргийг бүтээх үндэс болон аз жаргалын нууц мөнөөс мөн. Бусдын төлөө гэх эрч хүчтэй байхын тулд ч та хамгийн түрүүнд өөрийгөө хайрласан байх ёстой. 😎 

Өөрийгөө хайрлахыг маш олон өнцгөөр тайлбарлаж болно. Гэхдээ зарим хүмүүс зөвхөн өөрийнхөө дуртай гэсэн рүүгээ тэмүүлэх, бусдыг үл тоон хувийн эрх ашигаа нэгт тавих, өөрийгөө өргөмжлүүлэх гэж оролдох зэргээ өөрийгөө хайрлаж байна гэж боддог. 

Гэхдээ энэ нь өөрийгөө хайрлах биш харин ч хорлож байгаа хэлбэр юм. Өөрийгөө хайрлах гэдэг бол өнөөдөр хэцүү байж болох ч алсдаа танд үр өгөөжөө өгөх ухаалаг хөрөнгө оруулалтыг хэлнэ. Мөн өөрийгөө хайрлаж сурсанаар хүн болгоны хүсдэг сэтгэл хангалуун байх, зовлон бэрхшээлийг хөнгөн туулах чадвар, амьдралын чанараа нэмэгдүүлэх гээд сэтгэл зүйн эрх чөлөөнд хүрэх боломжтой. Тэгэхээр өөрийгөө хайрлах энгийн 5 аргаас зөвлөе!

1. Өөрийгөө болон бусдыг уучлах. Өнгөрсөн алдааг хэн ч хэзээ ч засах боломж байхгүй. Алдаагүй амьдрал, алддаггүй хүн гэж огтхон ч үгүй. Эрүүлээр сэтгэдэг хүн алдаанаас суралцаж өөртөө итгэх итгэлээ улам батжуулж нягтруулж байдаг. Харин алдаагаа хүндээр хүлээж авч, ямар ч шийдэлгүй бодсоор л байвал та одоо болон ирээдүй цагаа үгүй хийж байгаа гэсэн үг шүү. Ирээдүйгээ баярлуулах гол үндэс бол одооноос өөрийгөө бас бусдыг ч гэсэн уучил. Тэд ч гэсэн ялгаагүй таньтай адил л алддаг. Гомдол бол  ирээдүйн сайн сайхныг үргэлж үгүй хийж байдаг хор уршиг. Гомдолтой хүн хэзээ ч сэтгэл зүйн хувьд эрүүл бөгөөд аз жаргалтай байх боломжгүй. Та төсөөлөөд үздээ. 10 жилийн дараа "Тэр үед ёстой өөрийгөө уучлахгүй сайхан байсан шүү" эсвэл "Тэр мууд олон жил муу санаж гомдож явсан минь жаргал юмаа" гэж хэзээ ч ярихгүй л биздээ? 

2. Эрүүл мэнддээ анхаар. Дасгал хөдөлгөөнөө нэмэгдүүл. Эрүүл мэнд бол эрхэм баян. Эрүүл байгаад мөнгөгүй бол тэр нэг их асуудал биш. Мөнгө бол олдоно. Гэтэл өвчний өмнө дэлхийн хамгийн баян хүн ч сөхөрдөг. Тэгэхээр эрүүл байхыг хичээх, эрүүл мэндийн ойлголтоо дээшлүүлэх гэдэг бол огтхон ч залхмаар зүйл биш ба хүн амьдралынхаа туршид зайлшгүй анхаарах ёстой сэдэв мөн. Эрүүл бус байснаар бусдын төлөө байтугай өөрийнхөө биеийг ч дааж чадахаа байдаг гэдгийг санаарай. Бид машин аваад ядаж 10 гаран жил барьчих санаатай машиндаа үйлчилгээг тогтмол хийлгэж анхаардаг. Тэгвэл түүнээс ч олон жил амьдрах өөрийн гол биеийг яагаад анхаарч болохгүй гэж?

3. Мэдрэмжээ хөглө. Бясалгал хийх, ууланд алхах, усны чимээ сонсох, ан амьтан харах, аялах шинэ газар үзэх гээд бид мэдрэхүйгээ хөглөж байх ёстой. Мэдрэмж хөглөгдөж байж сэтгэл санааны аз жаргал яригдах болно. Тэр дундаа амьд зүйлс, амьд харилцаа, амьд байгалиас эрч хүч авч мэдрэмжээ хөглөхийг мэргэжилтнүүд дуу нэгтэй зөвлөдөг. Анзаараад байхад хүн нас явах тусмаа өөрийгөө тоохоо больж, мэдрэмжиндээ анхаарахаа больчихсон байдаг. Эсвэл тэр мэдрэмжээ буруу зуршлаар нөхөх гэдэг. Гэтэл урт удаан хугацааны аз жаргал ярих гэж л байгаа бол та мэдрэмжээ зөв зуршлаар хөглөж байх ёстой. 

4. Сонголтыг зөв хийж сурах. 1 цаг гадаад хэл сурахад урт, 2 цаг дэмий утсаа ширтэхэд богинохон. 1 сар уух витамин 20к гэхээр ямар үнэтэй юм бэ? гэдэг. Харин нэг удаад тасартлаа уух архи 40к гайгүй байна шүү, гэх жишээний бид сонголтыг дандаа буруу хийдэг. Буруу сонголтондоо ч дуртай. Гэвч өнөөдөр дуртай байгаа зүйлээ аваад зөвхөн дур хүсэлдээ автаад яваад байвал та өөрийгөө хайрлах биш хорлож байгаа хэлбэр юм. Зөв сонголт өнөөдөр гашуун мэт ч ирээдүйд таныг хэцүү үед гол анд нөхөр болдог гэдгийг санаарай. Тэгээд ч сонголтоо өөрчилснөөр дур хүсэл ч дагаад өөрчлөгддөг.

5. Хийж үзмээр байгаа зүйлсээ шууд хий. Тэр зүйлийг хийж үзвэл яадаг бол, ингэвэл хүн юу гэх бол? гэх жишээний хэтэрхий эргэлзээ тээнэгэлзээ дунд төөрөлдөж өөрөөрөө бус амьдрах нь өөрийгөө хайрлахын эсрэг үйлдэл гэдгийг санаарай. Харин алдвал алдаад, оновол оноод, "Яах бол" гэсэн асуултынхаа хариултыг хийж үзээд мэдэх хэрэгтэй. Энэ бол зөвхөн таны л амьдралыг зураг шүү дээ. Зүгээр л энгийн жишээн дээр ажилдаа явахдаа өмнөх хэв маягаа өөрчлөөд унадаг дугуй унаад явах хүртэл л тухайн хүн өөрийн хүслээрээ амьдарч байгаа илрэл юм.

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012

0 Comments