Буруу үед буруу хүнтэйгээ ярилцах гэж оролдсоноос үүдэж улам бүүр сэтгэл гонсойх, эрч хүч барагдах, таагүй дурсамжууд сэдрэх, харамсах мэдрэмж төрөх зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг.
Тэгэхээр та дараах 6 тохиолдолд бусадтай ярилцах гэж улайрсны хэрэггүй гэж зөвлөе.
1. Ухаан дутмаг хүнтэй. Та асуудлаа хэлэлцэх гээд байдаг нөгөөх хүн чинь таны асуудлыг ойлгох хэмжээний ухамсартай биш бол та дэмий зүйл хийх гэж байна. Ухаан дутуу, бусдыг ойлгож мэдрэхдээ маруухан хүн таны асуудлыг дараа нь хов болгочихсон явж байж ч мэднэ. Эсвэл огт мэдэрч сонсохгүй дүлий мэт өөр зүйл ярих, хөрсөндөө буухгүй шийдэл хэлэх зэргээс таны сэтгэл улам бүүр гонсойж ганцаардсан мэдрэмжээ баталгаажуулдаг. Уулзсан хүнийхээ ухаанд нь тааруулж харьц гэх үг байдаг даа. Үүний оронд шүтдэг бурхан, өөрийн итгэл үнэмшил төрсөн зүйлдээ эсвэл өөртэйгөө ярилцах, тэжээвэр амьтантайгаа ярилцах зэрэг нь хавьгүй дээр байх болно.
2. Хэт мэдрэг ойр дотнын хүндээ. Асуудлаа ойр дотнын хүнтэйгээ ярилцах сайхан хэдий ч таны асуудлыг сонсоод улам бүүр сэтгэл нь шаналах хүнд битгий асуудлаа яриарай. Жишээ нь таны төлөө гэдэг ээж аав тань хэтэрхий мэдрэг хүмүүс бол тэд танаас ч илүү зовох болно. Мэдээж хайртай дотнын хүнээ давхар зовоохыг хүсэх хэн ч байхгүй тул хэт мэдрэг ойр дотнынхоо хүмүүст сонсоход бэрх зүйлийг битгий дуулгаарай.
3. Харилцааныхаа төлөө хичээхгүй байгаа хүнтэй. Эхнэр нөхрүүдийн хооронд ихэвчлэн иймэрхүү асуудлууд их байдаг. Нэг нь л хичээгээд, ярилцах гээд, ойлголцох гээд учир зүгээ олох гээд байдаг. Нөгөөх нь ус балгасан мэт үл тоомсорлох, хэлсэн ярьсан зүйлээс зөрөх, ойлгомжгүй байдал гаргах зэрэг асуудлыг хүндрүүлсээр. Энэ тохиолдолд мэдээж нэг хэлсэн, хоёр ярилцах гэж оролдсон, гурван удаа буулт хийсэн бол одоо болноо. Ярилцах ямар ч шаардлагагүй. Ярилцах гэдэг бол хэн хэнийх нь буулт хийх, хичээл зүтгэл гаргах ухаан. Гэтэл нэг нь ярилцахыг хүсэхгүй бол харилцаанд ямар ч эерэг өөрчлөлт авчрахгүй. Дэмий зүйлд эрч хүчээ зарцуулах нь сэтгэл гонсойх мэдрэмжийг авдаг. Тэгэхээр нөгөө хүнээ ярих, нөгөө хүнээ буулт хийхийг харах л үлдлээ. Та явах шат хүртлээ явсан бол энэ удаад үг дуугарах хэрэггүй гэж зөвлөе.
4. Хэт жижиг асуудал буюу тогоо шанаганы хэрүүл. Жижиг асуудал том асуудал болж болох ч гэлээ жижиг асуудлыг бусдад яриад байх тусам улам л сэтгэлд том сэв мэт ой санамжид хадгалагдах эрсдэлтэй. Жижигхэн явган хэрүүл болсон дариуд түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөр нэгийг нэгэнд нь очиж ярьж буруу ойлголт төрүүлээд, эргээд хэрэггүй ярьсан мэт мэдрэмжийг авна.
5. Бусдад ярихгүй байх нь илүү амар мэт санагдах үед. Ийм үе ялангуяа интроверт буюу дотогшоо төрлийн хүний сэтгэл зүйд их тохиолддог. Хэрэв таны хамрын үзүүрээс цаадах хувийн асуудал бол та заавал бусадтай ярилцах албагүй. Ямар ч сэтгэлийн шарх ойролцоогоор нэг сар орчмын дараагаас мэдэгдэхүйц дээрддэг гэж үздэг. Тэгэхээр цаг хугацаагаар эдгэрэх шаардлагатай, шийдлээ өөрөө мэдэж байгаа, бусдын бодлыг сонсох сонирхолгүй байх үед хүчилж хэн нэгэнтэй ярилцах гэсний огтхон ч хэрэггүй.
6. Тохиромжгүй цаг үе. Дан ганц та асуудалтай биш эргэн тойрны хүмүүст ч асуудал үргэлж тулгарсаар байдаг. Энэ үед нөгөөх хүнээ анзаарахгүйгээр өөрийгөө яриад, асуудлаа тоочоод байх нь нэг талдаа бүдүүлэг бөгөөд нөгөө талдаа ямар ч үр дүнгүй ярилцлага л болно. Учир нь хүн бүр таны сэтгэл зүйч байж чадахгүй шүү дээ. Мэдээж энэ тохиолдолд зайлшгүй ярилцахыг хүсвэл мэргэжлийн сэтгэл зүйчид хандахад л болох юм!
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012

0 Comments