Харин зарим хүмүүст энэ мэдрэмж төрөлхийн өндөр байдаг. Энэхүү мэдрэмж ба чадварыг Эмпати гэж нэрлэнэ. Эмпати төрлийн хүмүүс нь бусдын юу мэдэрч байгааг, юу тэднийг хөдөлгөж, юу хэрэгтэй байгааг ойлгохын тулд өөрийгөө бусдын оронд тавьж өгөх ухамсар өндөртэйгөөр энгийн хүмүүсээс ялгардаг.
Бидний тархины толин тусгал мэдрэлийн эс идэвхтэй байгаа тохиолдолд эмпати чадвар сайн ажиллана. Толин эсийн талаар өмнөх нийтлэлүүдээс дэлгэрэнгүй олж уншаарай. Харин эмпати чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ гэвэл маш энгийн.
Бусдыг шүүмжлэх, үгүйсгэх, аливаа асуудалд өрөөсгөл хандах яарсан хандлагаа аль болох зогсоох хэрэгтэй. Мөн сонсож сурах. Эмпати төрлийн хүмүүс бусдыг сонсох чадвар өндөртэй. Зарим хүмүүс бусдыг сонсож байна гээд шал өөр юм бодох, эсвэл өөрийнхөө ярих ээлжийг тэсэн ядан хүлээх зэргээр хүний яриаг хүндэлдэггүй нь эмпати мэдрэмж багатай, би үзэл ихтэй байгааг илтгэнэ.
Аль болох тухайн хүнээ сонсож байна уу? Асуудлыг нь ойлгож байна уу гэдэгтээ анхаар. Заримдаа нөхөрлөл, хайр дурлал, дотно харилцаа нь таны зөв байхаас илүү чухал байдаг. Бусдыг шүүмжлэх, өөрийнхөө зөв гэдгийг батлах, давж гарах, ятгах зэрэг хандлага ихтэй байх нь таныг эмпати хүн байхаас холдуулж байдаг.
Бусдыг шүүж, өөлж, өөрчлөх гэхээс илүүтэй бусдыг сонсох ойлгох, байгаагаар нь хүлээн зөвшөөрөх гэдэг эмпати төрлийн хүний эрхэмлэх чанар мөн. Эмпати хүн нь бусдын сул дорой байх үеийг ч ойлгодог, ямар ч муу хүнээс сайныг нь олж харж суралцаж чаддаг, бага ярьж их сонсдог, өөрт хүсдэггүй зовлон зүдгүүрийг хүнд мэдрүүлэхээс зайлсхийдэг мөн харж тэвчдэггүй.
Энгийн жишээн дээр ярихад л ердөө энэ боловч дэлгэрүүлээд үзвэл эмпати хүн нь зөвхөн хүний оронд өөрийгөө тавих ухамсраар хязгаарлагдахгүй ба ан амьтан, байгаль дэлхий гээд бүх л амьтай бүхний оронд өөрийгөө тавих ёс зүйтэй байх ёстой.
Харин эмпати чанар хэтрүүлсэн, буруу хөгжсөн тохиолдолд дараах хоёр сөрөг илрэл ажиглагддаг.
1. Зөвхөн өөрийнхөө зовлон жаргал мэдрэх өнцгөөс бусдын оронд өөрийгөө тавьдаг. Өөрөөр хэлбэл "Би байсан бол ийм зүйлд зовохгүй. Тийм учир энэ хүнд ч гэсэн зүгээр байх ёстой" гэж өөрийгөө оронд нь тавьж үзэх. Гэвч хүн болгон адилгүй. Зарим хүн тухайн хүний мэдрэхгүй зовлонг мэдэрч чаддаг учир зөвхөн өөрийнхөө мэдэрдгээр бусдын оронд өөрийгөө тавихаас илүүтэй нөгөөх хүнийхээ өнцгөөс асуудлыг нь мэдрэх чухал.
2. Тусалж шийдэж чадахгүй зүйлдээ хэт өөртөө ачаалал өгдөг. Хэн нэгний өмнөөс санаагаа чилээж, өөрийгөө хий дэмий стресстүүлдэг хүмүүс байдаг даа. Жишээ нь нас барсан хүнийг хэн ч амилуулж чадахгүй. Гэтэл хөндлөнгийн хүн ард нь үлдэж байгаа хүмүүсийн гашуудлыг хүчтэй мэдрэх нь нэг талдаа хүнлэг байгаа ч нөгөө талдаа ямар ч боломжгүй зүйлд өөрөө өөрийгөө тарчлаах суурь болдог.
Тэгэхээр эмпати хүн байхад дээрх хоёр алдааг гаргахаас л сэргийлж чадвал нийгэмдээ хэрэгтэй, байгаль орчиндоо ээлтэй, хүнлэг энэрэнгүй маш чухал нэгэн болох юм. За тэгээд эмпати хүмүүс олшрох болтугай. Мөн та өөрийн таньдаг эмпати хүнээ mention хийж урмын үгээр тэтгээрэй!
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандах боломжтой: 🤙 86092012
#эмпати #сэтгэл

0 Comments