Гэрийн тэжээвэр амьтан бол сэтгэл зүйн эмч


 Ерөнхийдөө бол ихэнх баримт судалгаагаар гэрийн тэжээвэр амьтан нь эзнийхээ стрессийн түвшинг бууруулах, ганцаардлаас ангижруулах, окситоцин буюу тайвшрал болоод хайр дурлалын дааврыг ялгаруулдаг гэж үздэг. 😁

Тэр дундаа хүүхэд болон хөгшин настай эсвэл архаг хууч зэрэг өвчтэй хүнд маш сайн хань болдог. Ойр дотнын хүнээ алдсан хүн тэжээвэр амьтантай байх тохиолдолд сэтгэл зүйн хямралаасаа илүү хурдан гардаг ч гэж үздэг. Тэжээвэр амьтан дундаа жишээ нь нохойг ойролцоогоор 3 настай хүүхэд шиг тархины чадамжтай гэж үздэг бөгөөд тэд яг л хүүхэд шиг байдаг нь үр хүүхэдгүй, гэр бүлгүй ганц бие хүмүүст сэтгэлийн эм болно.

Гэхдээ ингэлээ гээд зөвхөн өөрийн ашиг тусын тулд шууд тэжээвэр амьтан авах нь бас өрөөсгөл ойлголт юм. Учир нь нохой муур зэрэг тэжээвэр амьтан нь бүрэн хүнээс хамааралтай болдог тул нэг л авч тэжээсэн бол үхэн үхтэл нь хамт байхаас өөр гарцгүй. Иймд та дараах хэдхэн хариуцлагыг давж гарч чадна гэсэн үедээ насан туршийнхаа үнэнч андтай болоорой.

1. Хүйсийн ялгаа. 2019 онд хийгдсэн ганц бие хүмүүсээс авсан онлайн судалгаагаар тэжээвэр амьтантай эмэгтэйчүүдийн хувьд эрчүүдээс илүү сэтгэл гутралаас хамгаалагдаж байсан. Харин эрчүүдийн хувьд тэжээвэр амьтан нь илүү сэтгэлийн дарамт болох магадлалтай байжээ. Чухам цаад шалтгааныг олон янзаар тайлбарлаж болох ч та энэхүү судалгаанаас үүдэж "Би тэжээвэр амьтантай болоход бэлэн үү?" гэж дахин өөрөөсөө асуугаарай.

2. 15 жилийн хариуцлага. Таны авсан амьтан ойролцоогоор 10 гаран жил тантай хамт, танай гэрт байна. Энэ хугацаанд уйгагүй хооллох, эрүүл мэндэд нь анхаарах, бие засах болон хэвтэх орон зайг нь гаргаж өгөх, цэвэрлэх усанд оруулах зэрэг ажлыг танаас шаардана. Энэ бүхэн асуудалгүй гэвэл дараагийн анхаарах зүйлийг уншъя.

3. Харилцаа үүсгэ. Амьтан авчхаад яг л эд хогшил авсан мэт ёс болгож байлгадаг хүмүүс байдаг. Жишээ нь хашаандаа мөнхийн уяатай ганцааранг байлгаж харгислах явдал манайханд их. Ингэж тэжээх нь амьтан тэжээх огтоос биш ба харин ч эсрэгээрээ тамлал юм. Ийм байдлаас амьтан ч тэр хүн ч тэр аль аль нь сэтгэлийн тайвшралыг үл мэдэрнэ.

Тэжээвэр амьтнаа сургуулилтад сургах, авч салхилуулах, цуг тоглох, илэх, өөрт нь хандаж үг хэлэх гээд эдгээр нь таны сэтгэл санаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй амьтанд ч бас аз жаргалыг мэдрүүлж тархийг нь илүү хөгжүүлдэг. Тэр дундаа ихэнх нохойнууд нийтэч байдаг тул тэдэнтэй харилцаа үүсгэхгүй ганцааранг нь байлгах маш их стресстүүлдэг гэж үздэг. Тархи нь байнга ажиллаж байгаа нохой, муур зэрэг нь хүнээс дутахгүй мэдрэмжтэй бас сургуулилттай болж ойлголцоход илүү хялбар болдог.

4. Өөрт таалагдахаа биш тохирохоо. Амьтан авахад хүртэл брэнд сонгох мэт өнгө зүс харах нь элбэг. Гэвч амьтан тэжээх, амьтныг хайрлах, сэтгэл зүйгээрээ мэдрэх гэдэг бол огтоос харагдац биш. Жишээ бид эцэг, эх, үр хүүхдээ царай муутай гэж голдоггүй. Амьтан ялгаагүй танай гэр бүлийн гишүүн болно. Гудмад хоол хайж яваа үүлдрийн бус гөлөг авч тэжээх ч хүний сэтгэлийн орон зайг нөхнө. Харин сонгох шаардлага гарвал "Надад ямар амьтан тохирох уу? Хэр том хэмжээтэй байх уу? Энэ амьтны ерөнхий онцлог нь юу вэ?" зэргийг судлах нь зүйтэй.

5. Ирээдүйд бэлэн бай. Гөлөг, муужгай аль нь ч бай бага дээрээ мэдээж хөөрхөн. Том болоод төрх нь өөрчлөгдөж тийм ч эгдүүтэй харагдахаа больж болно. Гэсэн ч үүнд сэтгэл санаа бэлэн эсэхээ бодолцоорой. Ихэнх хүмүүс нь тэжээвэр амьтнаа дундаас нь хаядаг шалтгаан яах аргагүй энэ байдаг. Бас ихэнх амьтан хүнийг бодоход богино настай тул эзнээсээ түрүүлж нүд аних нь түгээмэл. Үүнд ч бас хэзээнээс бэлэн байх хэрэгтэй юм.

Эцэст нь тэжээвэр амьтан таны амьдралын ердөө нэг хэсэг бол тэжээвэр амьтны хувьд та амьдралынх нь бүтэн орон зай юм шүү гэдгийг санаарай!

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012


0 Comments