Танд хаврын сэтгэл гутрал тохиолдож байна уу?


 Өмнө нь бид өвлийн сэтгэл гутралын талаар дурдаж байсныг санаж байгаа байх. Тэгвэл хаврын сэтгэл гутрал ч гэсэн байдаг гэдгийг мэдэх үү? Ер нь улирлын хамаарал бүхий сэтгэл гутрал гэж байдгаас хамгийн элбэг тохиолддог нь өвөл болон хаврын сэтгэл гутрал юм. 😁

Америкийн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хавар амиа хорлох тохиолдол хамгийн дээд цэгтээ хүрдэг байна. Энэ оргил үе нь 4-р сарын эхээс 5-р сарын сүүл хүртэл үргэлжилдэг гэнэ.

Монголд ямар байдаг талаар тодорхой тоо баримт байхгүй ч хавар болохоор нийтийн тээвэр, олон нийтийн газрууд, тэр ч бүү хэл сошиал орчинд ч хэвийн бус хандлага гаргадаг хүмүүс илт ажиглагддаг. Энэ нь зөвхөн ил харагдаж байгаа л хэсэг . Хэнд ч хэлэхгүй болохоос дотроо шаналаад явдаг хүмүүс бүүр ч олон. "Улирал нь ирчихсэн юм. Хавар болохоор аргагүй" гэсэн яриа ч өөрөө ор үндэстэй.

Улирлын чанартай нөлөөллийн эмгэгийг SAD гэж нэрлэдэг ба бусад сэтгэл гутралтай харьцуулахад яг тогтсон цагт эхэлж тогтсон цагт дуусдаг онцлогтой. Жишээ нь улирлаас хамаарч тухайн жилийн хавар 4-р сарын эхээс 5 дугаар сарын дунд үед хүртэл сэтгэл гутрал үргэлжилсэн бол дараа жилийн хавар ч яг энэ үеэр сэтгэл гутрал үргэлжлэх өндөр магадлалтай.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтээр хаврын цаг уурын огцом өөрчлөлт, эрс тэс уур амьсгал, хуурай цаг агаар, өдөр уртсах, нарны хурц тусгал өвөлд дасан зохицсон байдлыг үгүй хийдэг гэж үздэг. Энгийнээр хэлбэл өвөл сэрүүн, чийглэг, нарны гэрэл багатай өдрүүд ихэвчлэн үргэлжилдэг бол хавар эсрэгээрээ. Энэ нь яг л хөнжилдөө шургаад харанхуйд намуухан хэвтэж байсан хүнийг огцом гэрэл тусгаж хөнжлийг нь салхи үлээн хийсгэж, хүчээр босгохтой адил мэдрэмж юм.

Хүчтэй салхины нөлөө. Өвөл хүйтэн байдаг ч хавар шиг тэр бүр салхилдаггүй. Хавар салхины хурд хамгийн дээд цэгтээ хүрдэг. Энэ нь хүний биеийн мэдрэлийн эсүүдийг хамгаалалтын байдалд бэлэн болгодог ба ингэснээр сэтгэл тайван байх боломжгүй болдог. Таныг хүчтэй шороон шуурганд инээгээд явж байгаа хүнийг лав хараагүй байх гэж бодож байна.

Нойрны зуршил өөрчлөгдөх. Өдөр уртсаж нарны тусгал илүү хурц болох нь өвлийн дасал болсон нойрны хэмнэлийг алдагдуулдаг гэж үздэг. Нарны тусгал нэмэгдэхийн хэрээр хүний сэргэг байх чадвар илт сайжирдаг. Ингэснээр нойргүйдэх үзэгдэл газар авч нойргүйдлээс үүдсэн дам сэтгэл гутралд автаж болно.

Улирлын харшил. Тоос тоосонцрын харшил хавар хамгийн их дэгддэг. Улирлаас хамаарч харшил эхэлдэг нь харшилтай болон дархлаа сул байгаа хүмүүст илүү их айдас дарамт авчирдаг. Мөн халдварт өвчний дэгдэлт хамгийн өндөр байдаг үе тул хүний дархлааны эсүүд үргэлжийн далд хэлбэрээр бэлэн байдалд байдаг гэж ойлгож болно. Ардын анагаах ухаанаар бол хүн өвлөөс хаварт шилжихэд бие ч гэсэн өөрчлөгдөж хоол шим тэжээл илүү ихийг шаарддаг гэж үздэг. Бидний биед илүү их амин дэм шаардагддаг.

Сэтгэцийн өвчний дам нөлөө. Жишээ нь хоёр туйлт эмгэгтэй хүмүүс хаврын үеэр улирлаа дагаж сэтгэл санааны байдал илүү их савлагаатай болдог тоо баримт байдаг. Хэвийн хүн ч стрессдэх магадлал өндөртэй мэдрэмтгий үед архаг эмгэгтэй хүмүүс янз бүр болох нь бараг л тодорхой асуудал юм.

Хаврын сэтгэл гутралаас ангижрахын тулд та улирал солигдохыг хүлээх шаардлагагүй. Сэрүүн, хүчил төрөгч сайтай орчинд жишээ нь цас нь хайлж амжаагүй ой модонд алхах дасгал хийх. Эсвэл сэрүүн зааланд дасгал хөдөлгөөн хийх.

Амьдралын цагийн хуваариа эрс өөрчил. Мэдээж эхэндээ хэцүү байх ч урт хугацааны турш хавар стресстэй явснаас огцом өөрчлөлт нь 7 хоногийн дараагаас таныг шинэ хэмнэлд дасгах болно. Жишээ нь унтах цаг болон сэрэх цаг. Өглөө оройн хоолны цагтаа өөрчлөлт оруулж хатуу хуваарь гаргаж өгөх.

Секс хийх. Дургүй үедээ өөрийгөө хүчлэх тухай ойлголт огтхон ч биш шүү. Үнэндээ бол хүн хавар болоход сэрэл мэдрэмж илүү нэмэгддэг. Энэ үеэр тааламжтай бэлгийн харилцаанд орох нь сэтгэл санааг илт сайжруулдаг.

Хүйтэн шүршүүрт илүү их орох. Нозоорсон мэт тухгүй мэдрэмжийг үгүй хийхээс гадна цусны эргэлтийг хурдасгадаг тул мэдрэлд эерэг цочроо өгч сэтгэл санааг дэмждэг.

Амин дэмтэй хоол хүнсэнд анхаарах. Уух усаа нэмэгдүүлэх. Биед зайлшгүй хэрэгтэй шим тэжээл болох микро шим тэжээл буюу амин дэм эрдэс бодисыг хаврын улиралд илүү нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн уух усны хэмжээ зайлшгүй нэмэгдэх хэрэгтэй.

Шинийг эрэлхийл. Мэдрэмжээ шинэчил. Шинэ зүйл туршиж үзэх, Хийж үзээгүй зүйл, очиж үзээгүй газраараа аялах нь тухайн үедээ танд нөлөөлөхгүй байж болох ч дараа дараа жилүүдэд хаврын сэтгэл гутрал давтагдахаас сэргийлнэ.

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012

0 Comments