Хүчирхэг булчин, бат бөх яс, хоолойны өнгө, сахал үс, бэлгийн өндөр дур хүсэл, эрч хүчтэй байдлаас эхлүүлээд шийдэмгий зан, зоримог чанар, өөртөө итгэх итгэл, сэтгэл санааны өөдрөг байдалд хүртэл тестостерон чухал нөлөөтэй.
Тестостерон даавар эрүүл мэнд болон бусад хүчин зүйлээс шалтгаалж уналтад орсноор эрчүүдийн сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Мөн эсрэгээрээ сэтгэл зүйн хувьд асуудалтай удаан явах нь эргээд тестостерон дааврыг буулгах хүчин зүйл ч болдог.
Тэгэхээр яалт ч үгүй эрчүүдийн сэтгэл зүйг ярихад тестостерон дааврын нөлөө эсвэл тестостерын дааврыг ярихад сэтгэл зүй яригдах зайлшгүй шаардлагатай тулгардаг.
Юуны түрүүнд эрчүүдийн тестостерон даавар буухад ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ? Товчхондоо булчингийн масс хэвийн хэмжээнээс бага байх буюу огтоос булчин шөрмөсөө ачаалуулахгүй байх. Шууд утгаараа турь муутай байх.
Нойрыг хангалттай хэмжээнд авч чадахгүй байх. Нойр бол тэр тестостерон дааврын байгалийн сэргээш юм. Эр хүн гүн нойрондоо тестостерон дааврыг биедээ хамгийн ихээр үйлдвэрлэдэг. Чанартай нойроо авч, 9 хүртэл цаг унтдаг эрчүүд нойроо сайн авдаггүй эрчүүдтэй харьцуулахад тестостерон даавар өндөртэй байдаг.
Унтаад босоход булчин амарч, хүч суучихсан мэт мэдрэмж төрөх, бэлгэ эрхтэн хөвчирсөн байх зэрэг нь тестостерон сайн ялгарсны шинж юм. Бэлэг эрхтэн нь ойр ойрхон шалтгаантай шалтгаангүй хөвчирдөг эрчүүдийн сэтгэл санаа өөдрөг байдаг талаар судалгаа ч бий.
Харин эсрэгээрээ унтах үед бэлэг эрхтэн хөвчрөхгүй бол мөн амарсан юм шиг санагдахгүй бол нойр муудсанаас үүдэлтэй тестостерон дааврын уналтад орж байж болзошгүй. Ингэхээр нойр нь маш чухал ба хангалттай нойроо авч чадахгүй яваа эрчүүд өөрийнхөө амин чухал дааврыг сайн дураар унагаж байна гэж ойлгож болно.
Замбараагүй хооллолт, согтууруулах ундаа, тамхи, таргалалт. Эрэгтэй хүний биеийн нийт жингийн өөхний хувь 23-с ихгүй байх ёстой. 23-с давах юм бол хэвлийн таргалалт мэдэгдэхүйц нэмэгддэг ба дагаад тестостероны биед ялгарах чадамжийг асар ихээр сааруулдаг. Таргалалттай буюу өөхний хувь өндөртэй, том гүзээтэй хүн тестостерон даавар өндөр байх ямар ч боломжгүй.
Мөн замбараагүй хооллолт буюу унтахын өмнө нүүрс ус өндөртэй хоол хүнс идэх, витамин уураг дутмаг хэр нь транс тос болон хоосон илчлэг өндөртэй түргэн хоол хүнс нь шууд утгаараа эрчүүдийн дааврын дайсан юм. Жишээ нь шөнө унтахын өмнө ходоод тодорхой хэмжээгээр ачаалал аваагүй байж шөнө нь дааврын систем чөлөөтэй ажилладаг. Архи тамхины талаар дурдах ч илүүц биз.
Хэт их секс, гар хангалга. Сонирхолтой сонсогдож магадгүй. Сексийн дараа эр хүн тестостерон даавар нөхөгдөх, үрийн шингэн эр бэлгийн эс үйлдвэрлэгдэх тодорхой хугацаа болон амралт шаардлагатай байдаг. Ядаж 24 цаг биеэ амраах нь маш хэрэгтэй. Гэтэл байнгын секс, гар хангалга нь тэрхүү боломжийг олгодоггүй бөгөөд эцэстээ дагаад бэлгийн дур хүсэл унтарч бэлгийн огцом хөрөлтөд орох аюултай.
Бусад өвчлөл, сэтгэл санааны байдал. Ямар нэг хүнд өвчин, рентген туяа, хүнд хортой нөхцөлд ажиллах, стресс сэтгэл санааны таагүй байдал зэрэг нь шууд утгаараа эрчүүдийн амин чухал дааврыг унагадаг. Тэгэхээр эрчүүдийн хувьд хамгийн гол нь эрүүл байх, спортлог байх, сэтгэл санаагаа өөдрөг байлгах нь тестостероныг хэвийн хэмжээнд барьж мөнхийн залуу мэт байлгаж дал хүрсэн ч орондоо дархан аварга, ная хүрсэн ч наянтай эцэг болох боломжтой.
Мэдээж 30-с дээш цаашилбал 40-с дээш насанд тестостерон даавар мэдэгдэхүйц буудаг ч эрүүл бөгөөд спортлог байвал хөгширсөн ч залуу хүн шиг эрч хүчтэй байж болдог. Эрэгтэй хүний тестостерон хэвийн хэмжээ 300-1000нано грамм байх ёстой ба хэрэв та өөрийн даавартаа эргэлзэж байвал тестостероны шинжилгээ өгч болно.
Эрчүүдийн амин чухал даавар уналтад орсноор эрч хүч, бэлгийн дур муудах, зан байдлын хувьд өөрчлөгдөх, сэтгэл санааны тогтворгүй байдалд орох, тэсвэр хатуужилгүй болох цаашилбал зүрхний шигдээс, цус харвалт зэрэг олон олон өвчний эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012

0 Comments