Өр зээл хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?


 Таны зээл бүтсэн үү? 🧐. Хүсэж мөрөөдөж байсан мөнгө гэнэт орж ирээд хүссэн зүйлээ худалдан авах боломжтой болоод бүх зүйл шийдэгдэх мэт таатай мэдрэмж. Энэ бол тархинд урамшуулал болгож дофамин ялгарах мэдрэмж юм. 

Гэвч ердөө сарын дараагаас дофамин навс унахын зэрэгцээ ямар өндөр хүүтэй зээл авснаа, ирээдүйгээ хэрхэн худалдсанаа мэдэрмэгц хүн сэтгэл санааны гүн хямралд орох нь бий. Psychology of debt буюу өртэй хүний сэтгэл зүйн сөрөг илрэл дараах шинжийг агуулдаг.

- Айдас түгшүүртэй

- Гутранги

- Дахин зээл авч асуудлыг шийдэх хандлагатай

- Зээл өгсөн газраа буруутгах 

- Өөртөө итгэх итгэл буурах

- Эрх чөлөөгүй болсон мэт санагдах

- Амиа хорлох бодол төрөх

Гэвч дээрх илэрч буй шинжүүдийг огтхон ч зөвтгөж болохгүй. Учир нь өр зээл гэдэг бол хүний өөрийн санхүүгийн мэдлэггүй, тооцоо судалгаагүйгээс болдог асуудал. Өртэй хүн гол санхүүгийн асуудлаа олж харахгүй дахин зээл авч асуудлыг улам бүүр хүндрүүлдэг. 

Санхүүгийн мэргэжилтнүүд зөв хөрөнгө оруулалт буюу таны авсан зээл бизнесийн хөрөнгө болж өсөж үржиж өгөөжөө өгөх нь баталгаатай эсвэл ирээдүйд үнэ нь өсөх үл хөдлөх, ажлын багаж, төлж болохуйц хүүтэй зэрэг цөөхөн хэдэн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд л зээл авахыг зөвлөдөг. Харин мэдээж ирээдүйд үнэ нь унадаг, өөр энгийн зүйлээр орлуулж болохуйц хэрэглээ, ашиггүй хөрөнгө оруулалт буюу тодорхойгүй бизнест хувь оруулах, зөвхөн өнөөдрийн сэтгэлээ цадгах тансаглал зэрэгт өр тавихгүй байхыг сануулдаг. 

Сэтгэл зүй талаасаа өр зээл нь хүнийг маш их дарамтад оруулдаг талаар дээр дурдсан. Тэгвэл та нэгэнт өрөнд орчхоод шаналж байгаа бол яг одооноос асуудалтайгаа зоригтойгоор нүүр тулах хэрэгтэй. Өр зээл хэдий хугацаанд төлөгдөж дуусах бодит төлөвлөгөө гарга. Би хэдийг олж болох? Өөр мөнгө олж болох ямар нөөц бололцоо байгааг тодорхойлох. Харин юу юуг танаж хэмнэж болох боломжуудыг эрэлхийлэх г.мэт.

Хэмнэлтэд ороод ирэхэд хүмүүс стрессдэх нь бий. Яг л хамаа замбараагүй хооллож байсан хүн гэнэт эрүүл хооллоод ирэхтэй адил мэдрэмж. Гэвч энэ нь түрхэн дээ л хэцүү санагдах ч алсдаа таныг аврах ба тэр ч буй хэл зөв дадлыг бүр мөсөн суулгадаг. Хэдий мөнгөө хэмнэж, хэрэггүй худалдан авалтаа зогсоосон ч та жижигхэн ч гэсэн өөрт хэрэгтэй худалдан авалтаасаа өөрөө өөртөө урам бэлэглэж байх хэрэгтэй. 

Өр хэзээ дуусах, ямар ямар боломж байгаа, мөн энэ алдаанаас хэрхэн суралцах гээд эдгээр асуултад хариулаад ирэхээр бүх зүйл тодорхой болж сэтгэл зүй амар амгалан болдог. Өр бол нэгэнт доод айл руу урссан ус ба энэ үед крантаа хааж нэмж ус алдахгүй байх, шалаа хуурай даавуугаар хурдан арчиж эхлэх, доод айлтайгаа эвтэйхэн тохиролцох нь л хамгийн зөв алхам юм.

Мөнгийг өнөөдөр үрэхгүй тэвчиж чадвал мөнгө маргааш чамд тусалдаг. Өнөөдөр зээл авахгүй тэвчиж чадвал ирээдүй чинь чамд баярладаг!

Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012

0 Comments