Хүүхдийг бага насанд нь үл анхаарснаас өсвөр насандаа гэнэт хаагдмал болж, эцэг эхээсээ огцом хөндийрдөг. Өөрөөр хэлбэл бага насны хүүхдийн хүмүүжил өсвөр насанд хүчтэй нөлөөлдөг. Өсвөр насны хүүхдийн хүмүүжил нас бие хүрэхэд нөлөөлдөг.
Тэгэхээр бага нас буюу та бид эцэг эхчүүдийн үгийг хамгийн дуулгавартай хүлээж авах өөрчлөгдөх хамгийн чухал насан дээр нь бид маш мэдрэмжтэй хүүхэдтэйгээ харьцах хэрэгтэй.
1. Бүх зүйлийг зугаатай байлга. Бага насанд хүүхдийн гол хэрэгцээ бол тоглох болон инээх. Гэвч насанд хүрэгчид бид маш уйтгартай хүмүүс шүү дээ. Тэдэнтэй үргэлж тоглох эрч энерги байдаггүй. Тэгвэл та гэрийн ажлаа, эсвэл тоглосон тоглоомыг нь хураах, цэгцлэх тал дээр тэднээс зугаатай байдлаар тусламж хүсэх хэрэгтэй. Оноо цуглуулж уралдах г.мэтээр хийж чадах жижиг ажлыг нь хийлгэвэл тэдэнд зугаатай байхаас гадна маш их урам ордог. Эцэг эх нь өөртэй нь найз шиг нь харилцаа үүсгэх нь тэдэнд юугаар ч орлуулшгүй аз жаргал юм. Мөн энэхүү дадал нь хүүхэд өөрийгөө урамшуулж хөдөлмөрлөх дадалд сургадаг. Та харж байсан байх. Ажлаа маш их аз жаргалтай хийдэг, хоббирч хийдэг хүмүүс бага насандаа зугаатай байдлаар гэрийн ажилдаа тус нэмэр болсон байдаг.
2. Хүүхдэдээ сонголт өг. Жишээ нь үлгэр ярьж өгөхдөө ийм ийм үлгэр байна, хоол цай хийж өгөхдөө ийм хоол хийх боломжтой байна г.мэтчилэн хүүхдэд сонголтыг өгснөөр хүүхдийн сэтгэл тэнэгэр байна. Сонголт хийснээр хүүхэд буруу зөв гэдэг ойлголтыг хамгийн сайн сурдаг. Мөн зөрүүдлэх өөрийнхөөрөө дайрч буруу эрхлэх нь эрс багасах болно.
3. Тогтсон хэрэгтэй дүрмийг гарга. Хүн болох багаасаа гэдэг. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ хэт мундаг хүн болгох гэж туйлширч учир зүггүй багаас нь хичээлээр шахах тал ажиглагддаг. Энэ бол маш буруу шүү. Харин зөв дадал, тогтсон зөв хэвшил гэдэг бол насан туршийн хөрөнгө оруулалт мөн. Энэ насны хүүхдүүд өсвөр насныхнаас ялгаатай нь дүрмэд захирагдаж эцэг эхийнхээ үгийг авахад чих зөөлөн. Өглөө тогтсон цагт сэрэх, тогтсон цагт унтах, өглөө орой шүдээ угаах, өлөн дээрээ ус уух өглөөний цайгаа уух, хэт их идэхгүй байх г.мэт ирээдүйд шаардагдах дадал хэвшлийг одоо л суулгах ёстой. Мэдээж хажууд нь эцэг эх нь зайлшгүй тусалж дэмжиж хамтарч үлгэрлэж байх ёстой гэдгийг санаарай.
4. Зөв зүйлд нь урамшуулж, буруу зүйлд жичид нь ярилц. Хүүхэд өөрөө санаачилгаараа зөв зүйл хийх, ухаалаг үг хэлэх, захисан захиасыг биелүүлэхэд нь үргэлж урамшуулаарай. Гэхдээ урамшуулна гэдэг нь чихэр амттанаар бялхуулах биш та өөрийн талархсан сэтгэлээ нүд рүү нь харж байгаад илэрхийлэх хэрэгтэй. "Аав нь ээж нь маш их баярлаж байна. Чамаар бахархаж байна" г.мэт. Харин буруу зүйлд нь мөн л олны өмнө загнах бус жичдээ нүд рүү нь харж байгаад яагаад буруу болохыг нь тайлбарлах түүнээс болж эцэг эхийнх нь санаа зовж байгааг ойлгуулах хэрэгтэй. Бага насны хүүхэд мэдрэмжтэй тул тэд дорхноо ойлгох ба хэрэв та хүүхдээ өөрөө мэдэрч хайрлаж чаддаг л бол тэд таны үгэнд ороход бэлэн байдаг.
5. Хүүхдэд уурлах, гомдох боломжийг нь өг. "Юундаа уурлаад байгаа юм чимээгүй бай" гээд алгын чинээ хүүхдээ давж гарах гэсэн эцэг эхчүүд олон. Үүнийгээ хүний үг сонсож сургаж, эцэг эхээсээ айж, зөв хүмүүжүүлж байна гэж итгэдэг. Уучлаарай. Том хүн ч бай хүүхэд ч бай уурлах хэрэгцээ байдаг. Харин ч тэр жаахан хүүхдийг стресстүүлэх юу буруу хийв гэдгийг тунгаах хэрэгтэй юм. Хэрэв хүүхэд айсандаа чимээгүй болчихвол алсдаа тэр жинхэнэ асуудал юм. Тэгэхээр хүүхдээ уурлах үед нь 1-2 минут ч болов чимээгүй сонс. Уур нь гарсан хойно нь хүүхдэд тайлбарлахад оройтохгүй. Харин ч тохиромжтой цаг нь. Хүүхэд буруу зүйлд уурлажээ гэдэг дүгнэлтээ өөрөө гаргах ёстой юм!
Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах боломжтой: 🤙 86092012
0 Comments