Энэ нь яаж муудалцсан бусдыг дараах 5 сэдвээр доромжлохгүй байх тухай ойлголт юм. Хүнд хэлж болохгүй үгс, хэдий муудалцсан ч нөгөөх хүнээ тодорхой хэмжээнд хүндэтгэх ёс зүй гэдэг зүйл зайлшгүй байх ёстой ба энэ нь хүний ухамсрын хэм хэмжээ үнэ цэнийг тодорхойлдог чухал хүчин зүйл юм.
Бид доромж гэхээр ихэвчлэн хараалын үгсийг боддог. Гэхдээ яг үнэндээ хүнд хамгийн хүнд тусдаг доромж утгууд бол хүндэтгэлийн бүс рүү нь халдсан эвгүй үгс байдаг. Хэдий таны хамгийн дургүй хүн байсан ч, яаж ч муудалцсан эдгээр үгсийг хэлэх нь та тухайн хүнээ гомдоогоод зогсохгүй өөрийгөө хэн ч биш болгож байгаа хэрэг юм шүү!
1. Шашин шүтлэг, эх орон. Энэ бол хүний тэргүүндээ тавьдаг үнэт зүйлсийн нэг мөн. Хэзээ ч хүнтэй шашин шүтлэг, төрсөн газраар маргаж болохгүй. Энэ нь эцэс төгсгөлгүй хэрүүл болох бөгөөд нөгөөтэйгүүр танд ямар ч хамаагүй асуудал юм.
2. Эцэг эх, өвөг дээдэс, гарал угсаа. Энэ нь мөн л тухайн хүний хүндэтгэлийн арын бүс билээ. Та тухайн хүнтэй л маргаж байгаа болохоос түүний гарал угсаа, өвөг дээдэс, эцэг эх гэдэг тусдаа асуудал, тусдаа хүмүүс гэдгийг санаарай. Мөн эцэг эх, эх орноо хэн ч сонгодоггүй. Эцэг эхээ доромжлуулсан хүн эргээд таньтай үүрдийн өстөн болж ч мэднэ шүү.
3. Нас хүйс, бэлгийн чиг хандлага. Энэ бол хүний бас л огтоос сонгодоггүй зүйл юм. Би хэдэн настай байя, би ямар хүйстэй байя, ямар бэлгийн чиг хандлагатай байя гэж хэн ч сонгох боломжгүй. Хэзээ ч өөрчлөх боломжгүй зүйлээр доог тохуу хийх, басамжлах нь маш ухаан богино, мулгуу хүний үйлдэл. "Энэ залуу хүн байж, хөгшин байж, эр хүн байж, эм хүн байж" гэх эдгээр үгс бүгд л энэ ойлголтонд багтана. Угтаа бүгд л адил эрхтэй хүн.
4. Арьс өнгө, харагдах байдал, гадаад төрх. Харагдах шинжээр нь бусдыг дүгнэх шүүмжлэх доромжлох нь маш өрөөсгөл. Тэр хүн танд таалагдах албагүй. Таны хувийн загвар өмсөгч, гоо сайхны бренд сурталлчлагч биш. Энэ нь тухайн хүний хувийн асуудал. Бусдын хувийн асуудалд хүндэтгэлтэй хандах нь ухамсартай хүний үйлдэл.
5. Мөнгө санхүү, нийгмийн байр суурь. Бусдыг ажил төрлөөр нь, мөнгө санхүүгээр нь ялгаварлан гадуурхах нь тэнэгийн илрэл мөн. Ядуу хүн ч бай баян хүн ч бай нийгмийн нэгээхэн хэсгийг бүрэлдүүлдэг юм. Өөрөөр хэлбэл тэр хүн байхгүй бол та одоогоороо оршин тогтнох боломжгүй гэсэн үг. Энэ нь зайлшгүй бусдыг хүндэтгэх ёстой асуудал юм шүү.
Бас өөрөөр бол хүнийг яаж ч доромжилж болно гэсэн үг бишээ. Гэхдээ нэгэнт маргалдсан бол аль болох та тухайн сэдэв дээрээ мэтгэлцэх дээр илүү анхаараарай. Өөрийн мэдэлгүй хүн рүү нь дайрч давшиллаа гэхэд дээрх 5 сэдэв рүү хэзээ ч битгий хазаагаарай!
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments