БИ үзэл буюу ЭГО өндөртэй хүмүүстэй хэрхэн харьцах вэ?


 БИ үзэл буюу ЭГО өндөртэй хүмүүстэй хэрхэн харьцах вэ?

Би би би. Байнга л би ярьсан бусдыг огтхон ч боддоггүй, хувиа хичээсэн, өөрийгөө ихэд бодох зан төлвийн доголдлыг "Эго" гэж нэрлэдэг. Тэгвэл бид амьдралдаа энэ төрлийн хүмүүстэй маш их таардаг. Эго үзэл нь ажил амьдралыг улам бүүр хүндрүүлдэг. Тийм хүмүүстэй урт удаан харилцаа үүсгэснээс болж өөрсдөө ч өөрийн мэдэлгүй би үзэлтэй болчихсон явж байдаг. Тэгвэл тэдэнтэй тэмцэх 12 бяцнхан зөвлөгөөг хүргэе.

1. Тэдний үгийг өөрт нь давтаад хэл. Та ямар ч хэл чимээгүй суусаар л байвал тэд дүрдээ итгэж улам бүүр даварч таны орон зай руу халддаг. Сонссон гэдгээ баталгаажуулах үүднээс өөрийх нь үгийг өөрт нь хэл. Хэрэв тэгвэл тэд тань руу үг хэлээр дайрч давшлахгүй.

2. Өөртөө итгэлгүй дууны өнгө, тодорхойгүй үгээр яриагаа битгий эхлүүл. Эго өндөртэй хүмүүс бусдын дууны өнгөнд тохируулж харьцдаг. Жишээ нь та хэт даруу байдлаар "Би бодохдоо, миний бодлоор, ямар нэг, тийм байх" гэх мэт сул үг ашиглахын сацуу сул дуугаар ярьвал тэд даврах болно. Иймд өөртөө итгэлтэй чанга дууны өнгөөр эрс шийдэмгий хариуллтыг хэлж сур. "Би бодохдоо ..." биш "Би тэгж боддог. Тэгэх болно" г.мэт ойлгомжтой бөгөөд шулуун шударга үгс л тэдний чихэнд бага зэрэг буудаг.

3. Сэтгэл хөдлөлөө дараад баримтанд тулгуурлаж харьц. Би үзэлтэй хүмүүс өөрийн байр суурийг хадгалахын тулд таны ямар ч үгэн дээр дөрөөлөхөд бэлэн байдаг. Иймд тэдэнтэй харьцахдаа маш болгоомжтой, сэтгэл хөдлөлөө дарж, үг хэлээ бодож харьцах нь чухал. Баримттай ярьж, мэтгэлцэх дээр анхаар. Тэгж гэмээн тэдний нөлөөлөлд автахгүй.

4. Хэрэв тэд баримтыг үл ойшоож маргаж эхэлбэл тэдэнд нэгээс олон удаа үнэнийг нотлох гэж цагаа гарздах хэрэггүй. Тэнэг хүн хэрүүлд ялж, ухаалаг хүн мэтгэлцээнд ялдаг гэдгийг сана. Энэ тохиолдолд зүгээр л орхичих.

5. Бага зэрэг бүдүүлэг байхад гэмгүй. Нэгэнт л эго өндөртэй хүн нь таныг үнэлж, хүндэтгэхгүйгээс хойш та ч гэсэн тухайн хүнд ач холбогдол өгч соёлтой байх гэж хичээсний хэрэггүй. Тэднийг үл хүндэтгэсэн байдлаа биеийн хэлэмжээрээ илэрхийлж болно. Хамгийн гол нь Би үзэлтэй хүмүүсийг та засч залруулах үүрэгтэй биш. Харин тэднийг өөрийн орон зай руугаа халдааж давруулахгүй байх л чухал.

6. Тэднийг ойлгох гэж бүү хичээ. Хүйтэн хөндий хатуу хахир харьцахдаа гэмгүй. Учир нь асар их эго өндөртэй хүмүүс бусдын үгийг хүлээж авах чадвар маш хомс байдаг.

7. Тэдний хүслийг битгий гүйцэлдүүл. Эго ихтэй хүмүүс учир зүггүй хэрэлдэж 1өөрийн зөв болгох гэж дайрдаг. Өөрийн зөв гэсэн бодлыг нь өөрт нь үлдээж болох ч хэрэлдэх гэсэн хүслийг нь хүлээж авч болохгүй. Тэд таныг өөрт нь ач холбогдол өгч шаналахыг тэсэн ядан хүлээж байгаа шүү. Хэрэв тэдний хүсэл биелбэл улам бүүр даварна.

8. Тэд таныг доромжилбол. Хэрэв үг хэлээр доромжилж таны тэвчээрийг барж байвал та түүнийг зүгээр л сармагчин байна гээд төсөөл. Та өөрөөсөө сул дорой амьтантай хэзээ ч маргахгүй гэдгээ сана. Танд нөлөөлж байна гэдэг та өөрөө тэдний түвшинд ойртож байгааг илтгэнэ. Иймд эго өндөртэй хүмүүсийн үгэнд огтхон ч ач холбогдох өгөх хэрэггүй. Нохой хуцсанаас долоон дор гээд л бодчих.

9. Хэдий их эго өндөртэй хүнтэй таарсан ч танд гэм хор учруулаагүй л бол тэр хүнийг араар нь битгий муул. Эго өндөртэй хүмүүс эргэн тойрондоо төвөгтэй байдаг ч танд тэгтлээ гэм хор учруулаагүй бол араар нь битгий муулаарай. Хэрэв тэгвээс энэ нь та өөрөө ч ЭГО өндөртэй хүн болохын цондон юм шүү.

10. Хичнээн хэлчихмээр санагдсан ч эго өндөртэй хүмүүстэй нөхөрсөг шог ч хийх хэрэггүй. Учир нь тэд ойлгодоггүй. Таньтай дайсагнаж хариуг нь барих гэж оролдоно. Санамсаргүй гэм хоргүй нөхөрсөг шог чинь хүртэл би үзэлтэй хүмүүст асар хүнд тусч таны дайсан болдог.

11. Тэднийг дээрээс нь хар. Шууд утгаараа биш шүү. Хэрэв та өөрөө би үзэлтэй хүн биш л бол арай ухаантай хүн шиг загна. Ил гаргахгүй ч дотроо бага ч болов өрөвдөж хайрла. Ингэх нь таны сэтгэлийг ч уужруулна. Хүн өсч торних явцдаа "гэр бүлийн хүйтэн хөндий харилцаа" "хэт их эрхээ зөрчүүлсэн шударга бус байдал" "төрөлхийн эмзэг дээрээ сэтгэлийн гэмтэл авсан" "онгироо сагсуу зангаа дарж мэдэхгүй, хангалттай боловсрол эзэмшээгүй" зэрэг янз бүрийн шалтгаанаар БИ үзэлтэй болдог. Иймд хүн бүр шалтгаантай байдаг гэдгийг ойлгохыг хичээж байгаарай.

12. Зүгээр л холд. Хэрэв ЭГО өндөртэй гэдгийг нь мэдсэн, таньд төвөг учруулж байгааг мэдэрсэн бол зүгээр л зайгаа бариад холд. Тийм хүмүүстэй учир зүгээ олох гэж цаг заваа гарздах нь таны эрч хүчийг хий дэмий үрнэ.

Эцэст нь ЭГО өндөртэй буюу би үзэл ихтэй байх нь өөрийг ч өрөөлийг ч зовоодог хор уршигтай хандлага юм. Нийтийн эрх ашигийг дагаж нэг хүний эрх ашиг дээшилдэг. Харин нэг хүний эрх ашигийг дагаж нийтийн эрх ашиг дээрддэггүй. Би үзлээ бид болгож өөрчлөөрэй!

Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012

0 Comments