Жирэмсний үеийн сэтгэл зүйн хямралыг хэрхэн даван туулах вэ?


 Жирэмсний үеийн сэтгэл зүйн хямралыг хэрхэн даван туулах вэ? 🤗

Эмэгтэй хүн бүрт тулгардаг асуудал бол жирэмсний үеийн сэтгэл зүйн хямрал. Жирэмсний үеийн сэтгэл зүй нь зарим эмэгтэйчүүдэд хэвийн тусдаг бол ихэнх эмэгтэйчүүдэд маш хүнд тусдаг. Эрэгтэй хүн жирэмсэлдэггүй учир эрчүүд эхнэрийнхээ  сэтгэл зүйн хямралыг үл ойлгож, ихэвчлэн дурандаа ааш гаргаж байна гэж боддог. 

Гэвч энэ нь огтхон ч албаар болон дурандаа явагддаг сэтгэл зүйн асуудал биш. Учир нь жирэмслэх үед эмэгтэй хүний биед (hCG), (hPL), проэстроген зэрэг ургийн хөгжилд шаардагдах дааврууд ялгардаг мөн эстроген буюу эм даавар огцом ихэсдэгээс амархан гомдох, цочих, анхаарал үл төвлөрөх, айж түгших, нойргүйдэх зэрэг сөрөг шинж тэмдгүүд илэрдэг юм.

Энэ үед нь эргэн тойрны хүмүүс нь аль болох ойлгож, хүлээцтэй хандаж, гол нь жирэмсэн эмэгтэйг тайван байлгах чухал юм. Жирэмсэн үеийн сэтгэл зүйн хямралыг даамжруулдаг хүчин зүйл бол яах аргагүй эргэн тойрны хүмүүсийн харилцаа байдаг. Ганц эвгүйхэн үг хэлэх, эргэн тойронд нь хэрүүл шуугиан гаргах нь л жирэмсэн эмэгтэйд маш хүндээр тусдаг бөгөөд хэсэг хугацааны сэтгэл зүйн хямрал нь даамжирч төрсөний дараа ч үргэлжилсээр байдаг. Мөн жирэмсний үеийн сэтгэл зүйн хямрал даамжирч улам бүр нэмэгдэх нь урагт маш муугаар нөлөөлдөг ба дутуу төрөх цаашилбал зулбах хүртэл эрсдэлтэй билээ.

Тэгвэл жирэмсний үеийн сэтгэл зүйн хямралыг хэрхэн даван туулах вэ?

1. Өөрийгөө ол. Та жирэмсэн болохоосоо өмнө юунд дурладаг, ямар хоббитой байсан бэ? Тэр зүйлээ хий. Мэдээж жирэмсэн үед тохиромжгүй зүйл л биш бол шүү дээ. Жишээ нь жирэмсэн үед алхах, хөнгөн гүйх, жирэмсний иог хийх нь стресийг маш сайн бууруулдаг. Гол нь та яг юунд дуртай. Тэрийгээ хийгээрэй.

2. Амьсгалын дасгал. Амьсгалын дасгал 8 настай балчираас 80 настай хөгшин хүртэл хийх боломжтой хамгийн амар бөгөөд хамгийн эрүүл мэндэд ач тустай дасгал билээ. Өдөрт 20-30 минут хүчил төрөгч сайтай орчинд амьсгалын дасгал хийж хэвшээрэй. Үүнийг туршихын тулд тухтай сууж, нүдээ аниад үзээрэй. Өөрийгөө дотроо инээмсэглэж, булчингаа чангална гэж төсөөл. Дараа нь таны хөлд нүх байгааг төсөөл. Амьсгалж, агаар таны биеэр эргэлдэж байгааг төсөөлөөд үз дээ. 

3. Амрах бас унтах. Таны хамгийн гол хийх ажил бол амрах болон унтах юм шүү. Өөр элдэв зүйлийг мартаад амралтаа авсан хүн шиг л бай. Жирэмсэн үед нойргүйддэг хэдий ч дээрх дасгалыг хэрэгжүүлснээр нойроо гүн бөх авах боломжтой. Нэг л зүйлийг сана. Хэр их унтана. Төдий чинээ та болон таны хүүхэд эрүүл саруул байх болно. Хэр их амарна. Төдий чинээ та болон таны хүүхэд тайван байх болно. Эцсийн эцэст таны гол зорилго бол эрүүл саруул хүүхэдтэй болох.

4. Юу дуртайгаа бич. Магадгүй бачуураад яах учраа олохгүй үе гарна. Энэ үед дотроо байгаа бүхнээ бичээд үзээрэй. Бага ч гэсэн онгойх болно. Уран яруу бичих тухай бодоод хэрэггүй. Хэн юу гэх бол гэж санаа зовох ч шаардлагагүй. Магадгүй зүгээр нэг хоосон цаасан дээр бичсэнээс сошиалд эмэгтэйчүүдийн груп дээр өөрийн асуудлаа ний нуугүй бичвэл илүү үр дүнтэй байх. Учир нь тэнд яг таньтай адил эсвэл таныг ойлгох мянга мянган эмэгтэйчүүд байгаа. 

5. Хүүхэд төрүүлэх нь заавал өвдөлттэй байх албагүй. Зовлонгүй төрсөн гэдэг үгийг та нэг биш удаа дуулсан байх. Магадгүй дуулаагүй ч байж болно. Гэхдээ энэ нь үнэн юм. Жирэмсэн үедээ хэр сайн гам барьж, сэтгэл санаагаа тайван байлгана тэр хэрээр төрөхийн үед өвдөлт бага байх болно. Учир нь ихэнх эмэгтэйчүүд төрөхийн үеийн айдсыг аль эрт мэдрээд эхэлчихдэг. Тэгвэл энэ нь таны бодож байгаа шиг аймшигтай зүйл биш юм. Харин ч таны хамгийн аз жаргалтай өдөр байх талаар төсөөлөөд үзээрэй. Таны дотор цохилох бяцхан зүрх таны энгэрт эрхэлнэ гээд боддоо.

6. Эмчтэйгээ нээлттэй байх. Бие тань хэвийн биш байвал эмчдээ үзүүлэх нь тодорхой. Харин сэтгэл зүй тогтворгүй үед эмч гэж гүйх хүн ховор. Сэтгэл зүйн байдал нэлээд хүнд байвал мэргэжлийн эмч тохирох эмийг бичиж өгч, эмийн үйлчлэлээр тайвшруулдаг. Ямар ч тохиолдолд эмчтэйгээ нээлттэй байж, нэрэлхэлгүй тусламж хүсэх нь хамгийн зөв алхам байх болно.

7. Нөхрөөсөө шаардах ёстой зүйлээ шаард. Зарим эмэгтэйчүүд "Би зүгээрээ" гэх үгээр халхавч хийн асуудлаа буглах нь бий. Гэвч жирэмсэн үед энэ зангаа бүр мөсөн авч хая. Учир нь та эр нөхрөөсөө шаардлагтай зүйлээ шаардах эрхтэй. Анхаарал халамж авах эрхтэй. Нөхөрт чинь ч тэр үүрэг нь бий. Энэ л чухал үед таныг ойлгохгүй юм бол өөр хэзээ ойлгоно гэж? 

8. Бусадтай ичиж зоволгүй ярилц. Стрес төрсөн, таалагдаагүй зүйлээ тэр даруй гаргаж хэл. Хэзээ ч дотроо буглаж, том асуудал болгож болохгүй. Жижиг дээр нь асуудлыг шийдээрэй. Бүсгүй минь гуйя. Ядаж энэ үедээ бусдын юу гэх талаар битгий санаа зов. Өөрийхөөрөө бай. 

Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012

0 Comments