Гүн нойр гэж юу вэ?

 


Хүний нойр гэдэг бол зайлшгүй хэрэгцээ. Тэр дундаа нойрны бүх үе шатуудаа бүрэн туулж, гүн нойроо авах нь эрүүл мэнд сэтгэл санааны хувьд маш их ач холбогдолтой. Хүн харахад л их цагаар унтсан мэт ч нэг л сайн сэргэлт авч чадахгүй яваа хүмүүс цөөнгүй. Тэгвэл энэ Deep sleep буюу гүн нойр гэж яг юу вэ?

Хүний нойрны нэг мөчлөг нь дотроо 4 үе шаттай гэж үздэг. 

1. Нэгдүгээр үе шат. Оршил. Бие дөнгөж тайвширч, амьсгал болон зүрхний цохилт удааширч булчин сулран нойронд автах эхэн үе шат. Энэ үед хэт булчин суларч, нойронд автсанаар юмнаас унах мэт мэдрэмжийг авч цочиж сэрж болдог. Ер нь эргээд маш амархан сэрж болохуйц нойрны оршил хэсэг. Өдрийн цагаар хальт нойрмоглоод сэрэхэд энэ үеийн нойр хурган сэргэлт болж чаддаг.

2. Хоёрдугаар үе шат. Нойрны агуулга. Булчингууд бүрэн суларч, тайвширч, биеийн хэм буурч, амьсгал улам бүүр удааширч бие амардаг. Нойрны бараг тэн хагас нь энэ үед явагддаг. Та шөнө 8 цаг унтдаг байлаа гэвэл энэ үе нь 4 цаг гаран үргэлжилнэ.

3. Гуравдугаар үе шат. Гүн нойр. Чухам энэ л үе ойролцоогоор 1-2 цаг үргэлжилнэ. Энэ нь маш чухал нойр. Энэ үеэр хэрэгтэй дааврууд хамгийн өндөр хэмжээгээр ялгарч, биеийн өсөлт хөгжил, эсийн шинэчлэл, тархин дахь хэрэггүй зүйлсийг устгаж шинэ зүйлийг гүн суулгах г.мэт хүний бие өөрийгөө сүпер болгодог үе гэж ойлгож болно. Эрчүүдийн хувьд энэ нойрноос эхэлж бэлэг эрхтэн нь хөвчирдөг. Энэ нь тестостерон даавар нь сайн ялгарч байгааг илтгэнэ. Энэ нойронд автах үед хүн баргийн зүйлд сэрдэггүй. Энэ үеэр хүчээр сэрэх эсвэл энэ нойроо авч чадаагүй байхдаа сэрэхэд тухайн өдөржингөө нойрмог мэдрэмжтэй идэвхгүй явна.

4. Сүүлчийн үе шат. REM нойр. Энэ үед тархи өөрийгөө сэргээж хэрэв зүүд зүүдэлбэл сэрсэн ч маш сайн санахаар зүүдийг зүүдэлдэг. Бие өөрийгөө эрч хүчтэй сэргээхэд шаардлагатай сүүлийн амралтаа авч байдаг. Амьсгал, зүрхний цохилт, нүдний хөдөлгөөн хурдсаж цусны даралт нэмэгддэг. 

Гүн нойр нь өсвөр залуу үед их байдаг бол хөгшрөх тусам багасдаг онцлогтой. Хүн гүн нойроо авч чадахгүйгээс амьдралын чанар буурч, эрч хүч муудах, унтсан ч нойрмог хэвээр байх, цаашлаад мартаж санах өвчний суурь, зүрх судасны өвчлөл, дааврын өөрчлөлт, нойрноос үүдсэн сэтгэл гутрал, таргалалт эсвэл хэт туралт, бэлгийн сулрал гээд маш олон сөрөг үр дагавар хүлээдэг. 

Өсвөр насны хүүхдүүдийг сайн унтуулж гүн нойрыг авхуулж байх нь маш үр дүнтэй. Гүн нойроо авахын тулд та тогтмол дасгал хөдөлгөөн хийж, унтахаас дор хаяж 3 цагийн өмнө хооллох, кофе цайг оройн цагаар бүр мөсөн татгалзах хэрэгтэй. 

Мөн унтах өрөө тань зөвхөн унтах л зориулттай байх ба тас харанхуй бөгөөд хүчил төрөгч ихтэй орчин таныг бат бөх нойронд автуулахад тусална. Унтахаас өмнө 30-50 минутыг биеэ тайвшруулах, унтахдаа бэлдэх, зөөлөн ая сонсож өөрийгөө нойрмоглуулахд ашиглаж болно. 

Харин үүнээс удвал та орноосоо босч өөрийгөө ядраах зүйл хийгээд эргээд орондоо ороод үзээрэй. Нойр гэдэг бол тэр дундаа гүн нойр гэдэг бол бидний эрүүл мэнд сэтгэл санаанд юугаар ч орлуулашгүй эмчилгээ юм! 

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments