Та хүүхдээ өсч торниход нь ямархуу зан ааш гаргана эргээд таныг өтлөхөд чинь тэр ааш занг гаргана. Энэ нь санаатайгаар хариу барьж байгаа хэрэг огтхон ч биш ба хүүхэд өсч торниж байхдаа хэнтэй ямар байдлаар харьцах вэ гэдэг хэм хэмжээг тархиндаа автоматаар суулгаж байдаг байгалийн процес юм.
Эцэг эхтэйгээ дундаа ханатай, айдас хүйдэстэй, хүйтэн хөндий харьцаа байх юм байна гэх ойлголтыг өсвөр насанд нь суулгачих л юм бол тэр хүүхэд насанд хүрээд таньтай дотносоод нээлттэй болно гэдэг юу л бол. Харин ч "Аав ээж битгий ядаргаатайд бай. Битгий асуудалд оролцоод бай" гэх яг л таны гаргадаг танил хатуу хахир хандлагыг гаргаж мэднэ. Иймд хэрэв та өсвөр насны хүүхэдтэйгээ дотно байж чадахгүй байгаа бол дараах алхмуудыг хийх гээд үзээрэй.
1. Шүүмжлэгч, зөвлөгчийн өнцгөөс бус зүгээр л сонсогч шиг яриаг нь сонс. Та өөрийн хүүхэд насандаа яаж хөглөж байсан мөн өөртэй нь адил асуудал тулгарч байсан тухайгаа хуучил. Ингэх нь хүүхдэд чинь таньтай нээлттэй ярихад илүү их итгэл төрүүлнэ.
2. Найз шиг нь дотно баймаар байгаа бол найз шиг нь л бай. Та ч гэсэн нууцаа ярь, өөрийн асуудлаа хэлэлц. Түүнээс зөвлөгөө авах байр суурьнаас. Хүүхэд чинь таниас ч ухаантай шийдэл гаргах тохиолдол байна. Ингэснээр хүүхэд чинь зөвхөн аав ээжээс үг сонсох биш би аав ээждээ хэрэгтэй зүйл хэлдэг гэсэн мсжийг авч таньтай ярих урам зориг нэмэгдэнэ.
3. Хүүхдийнхээ нууцыг хадгалж сур. Үнэхээр боломгүй зүйл байсан ч "Дахиж битгий ингээрэй. Энэ удаад хоёулаа энүүхэндээ тохиръё" гэж хэлэх нь хүүхэддээ маш их нөмөр нөөлгийг мэдрүүлэх болно. Хэн нэгэнд амны халаа болгоод ярихгүй хадгалж чадвал хүүхэд чинь буруу зүйлээ өөрөө ухамсарлаж, таныг маш их хүндэтгэх болно.
4. Хүүхдээ урамшуул. Хүүхэд чинь хичээлдээ сайжрах, урлаг спортод амжилт үзүүлэх зэрэгт урамшуулна гэдэг нь худлаа магтаад эсвэл мөнгөөр булаад байх биш илүү их цагийг түүнд зориул. Цугтаа дуртай зүйлийг нь хий, тогло. Сонирхлыг нь хөгжүүл. Аав ээж нь цаг гаргах нь тэдэнд маш таатай санагдах бөгөөд хүүхэд чинь талархсан хариудаа илүү их хичээх болно.
5. Ямар ч тохиолдолд хүүхдээ эхлээд сонс. Юу болсныг мэдээгүй толгой түрүүгүй загнах, өөрөө алдаж байгаагүй аятай цэцэрхэх зэрэг нь тухайн үедээ хүүхдээ чимээгүй болгож магадгүй ч ирээдүйн том ханаа босгож байна гэдгээ ойлгоорой. Ямар ч жимс модноосоо хол унадаггүй. Та өөрөө л зөв хүн бол хүүхэд чинь таны итгэлийг тэгтлээ алдах том алдаа хийхгүй л болов уу?
6. Тэднийг оройтлоо гэж учир зүггүй загнах бус орой явсанаар ямар эрсдэл хүлээж байгаа үүнд эцэг эх нь хэрхэн зовдог талаар л ойлгуулчих. Ер нь ямар ч алдаа дутагдал дээр загнахаа хойш тавиад бодит нөхцөл эрсдлийг тодорхой ойлгуулаарай.
7. Хүүхдээ алдуулж сурга. Таны зэмлэл шүүмжлэлээс илүү хүүхэд өөрөөрөө алдах нь маш том ухаарал болдог.
8. Тэднийг бусадтай бүү харьцуул. Бусадтай харьцуулагдах дуртай хүн гэж бараг л байхгүй болов уу? Тэр дундаа өсвөр насандаа. Энэ хорвоод та ч төгс биш хүүхэд чинь ч гэсэн. Хүн бүр л өөр өөрийн замаараа явж байгааг нь л ойлгуул. Байгаагаар нь хүлээн зөвшөөр.
9. Тэдний бахархлыг хүндэтгэ. Өсвөр насандаа хүүхэд бахархдаг дэмждэг олны танил хүнтэй болдог. Тэр нь учир зүггүй нийгмийн хорт дайсан л биш бол бүү үгүйсгээрэй. Тэд бахархлаа үгүйсгүүлж ярих үнэхээр дургүй. Хэдий танд таалагдахгүй байсан ч хамаагүй. Энэ бол таны биш тэр хүүхдийн ертөнц.
10. Хүүхдээ учиргүй мундаг хүн болгох гэж шахаж шаардаж, даахгүй ачааг нь үрүүлүүлж өөрийн дутууг нөхүүлэхийн оронд та өөрийгөө боловсруул. Эцэг эх боллоо гээд таны боловсрох хугацаа дууссан гэсэн үг биш юм. Та өөрийгөө хэр их хайрлана, хэр хөгжүүлнэ, дэргэд нь хэр мундаг хүн болж өөрчлөгдөнө хүүхэд чинь тийм л болно.
Эцэст нь энэ бүхнийг хэрэгжүүлж чадвал та үнэхээр сайн эцэг эх юм шүү. Хүүхэд чинь таньтай бага багаар дотносох болно. Мэдээж хүүхэд чинь нэгэнт насанд хүрээд биеэ даахын цагт таньтай өнгөрүүлэх цаг, таниас хамаарах хамаарал зэрэг багасах нь байгалийн жам гэдгийг хүлээн зөшөөрөөрэй. Гэсэн ч ямар ч аав ээж хүүхдийнхээ сэтгэлд үүрд оршдог.
Харин та гагцхүү мөнгө олсон нэртэй, ажил хийсэн нэртэй, хөмсгөө зангидсан хөндий сургааль айлдсан хахир хатуу эцэг эх байхаас зайлсхийгээрэй.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012
0 Comments