Хүмүүс яагаад амиа хорлодог вэ?


 Саяхан монголд хийгдсэн нэгэн судалгаагаар 10,000 хүн тутмын 3 хүн амиа хорлодог гэсэн тооцоо гарчээ. Энэ бол цөөн хүн амтай манайх шиг улсад эмзэглүүштэй тоо баримт юм. 😞 Мөн амиа хорлогсдын тал хувь нь ажилгүй, бараг 90 хувь нь эрчүүд байдаг гэх. Тэгвэл хүн яагаад амиа хорлох дайны сэтгэлийн хямралд автдаг вэ?

Амиа хорлох нь ганц шалтгаан бус ихэвчлэн маш олон хүчин зүйлийн нийлбэрээс хүн амиа хорлодог. "Willpower" хүсэл зориг монголчилбол сэтгэлийн тэнхээний чадвар хүн бүрт харилцан адилгүй байдаг. Гэвч ямар ч сул дорой хүн хэр баргийн зүйлд шууд амиа хорлочихдоггүй. Тэгэхээр амиа хорлох оролдлого хийсэн хүнийг тэнэг мангар гэж гадуурхаж, шүүмжлэх нь өрөөсгөл. Учир нь тэрхүү хүнд юу тохиолдсон, ямар мэдрэмж авсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй.

Амиа хорлоход нөлөөлдөг томоохон шалтгаанууд

1. Сэтгэцийн эмгэг. Зарим сэтгэцийн эмгэгүүд хүнийг амиа хорлоход хүргэдэг. Сэтгэцийн эмгэгийн асуудлаас болж амиа хорлох оролдлого нь бусад амиа хорлох гэсэн хүмүүсийхтэй харьцуулахад илүү хурдан хугацаанд шийдэгддэг. Өөрөөр хэлбэл сэтгэцийн хувьд эрүүл хүн ямар нэг асуудлаас үүдэж амиа хорлох гэсэн бол тэр нь урт удаан хугацааны төлөвлөгөө маягаар явсаар нэг л өдөр амиа хорлодог. Харин сэтгэцийн эмгэгтэй хүн огт тийм зүйл бодож санаж явдаггүй хэр нь ганц удаагийн тохиолдлоор амиа хорлочих нь элбэг. Жишээ нь өмнөх өдрүүдэд нь зүв зүгээр байсан хүн нэг өдөр босоод эмгэгийг нь хөндөх ямар нэг зүйл тохиолдоход л шууд л амиа хорлох гэж оролддог гэсэн үг юм. Сэтгэцийн эмгэгт "Сэтгэц хуваагдал" "Eating disorders буюу хоолны эмгэг" "Шизофрени" зэрэг эмгэгүүд багтана.

2. Гэмтлийн стрес. Ихэвчлэн хүчирхийлэлд өртсөн хүмүүст тохиолддог. Бие мах бодийн хувьд эдгэрсэн ч сэтгэл зүйн хувьд хэвийн болоогүй урхагшаж явсаар, сэтгэлийн өвдөлтөө даахгүй хэмжээнд очихоор амиа хорлодог. АНУ-д хийгдсэн судалгаагаар хүчиндүүлсэн 6000 хүний 22% амиа хорлох оролдлого хийсэн байна. Хүчирхийлэл нь хүний сэтгэлийг маш ихээр гэмтээдэг ба аз жаргалтай амьдрах ямар ч боломжгүй мэт мэдрэмж төрүүлдэг.

3. Архи тамхи, мансууруулах бодис. Эдгээр муу зуршлууд нь эхэндээ тухайн хүний сэтгэлийг засах мэт тархинд хуурамч мэдрэмжүүдийг төрүүлж байдаг. Гэвч донтох үе шат руугаа хүний сэтгэлийн гэмтлийг улам бүүр сэдрээж, сэтгэлийн тэнхээний чадварыг дордуулж эхэлдэг. Архинаасаа татгалзахад л амьдрах хүсэл тэр чигтээ нурж эцэст нь архиа уусан ч өнөөх таагүй зүйлс нь бодогдож ямар нэг гарцгүй болох тэр агшиндаа амиа хорлох оролдлогыг хийдэг.

4. Эрх чөлөөгөө боомилуулах. Энэ төрөлд гэмт хэрэгт сэжиглэгдэх, шоронд орохоос эхлүүлээд эцэг эхийн хараа хяналтанд хэт байх гэрийн хорионд байх зэрэг хүртэл багтана. Хүний хамгийн том аз жаргал бол яах аргагүй эрх чөлөө тул тэрхүү хэрэгцээ үгүй болоход хүний амьдрах хүсэл талаас дээш хувиар нурдаг.

5. Нууц дэлгэгдэх. Хэзээ ч хэнд ч хэлэхээс айдаг болгоомжилдог тэр зүйл нь ойр дотны хүмүүс нь мэдэх эсвэл нийтэд ил тод болох нь яагаад ч хүсэх зүйл биш. Тэр дундаа өсвөр насныханд энэ нь тэсвэрлэшгүй сэтгэлийн өвдөлтийг мэдрүүлдэг. Гэвч үнэндээ бусдын бодол тухайн хүний төсөөлж байгаа шиг тийм аймшигтай том байдаггүй л дээ. Харамсалтай нь нэгэнт хүнд цохиолтонд орсон хүмүүс энийг ухамсарладаггүй. Нөгөөтэйгүүр хүмүүс ч бас хэн нэгний нууцыг мэдсэн ч мэдээгүй юм шиг байх нь том ёс зүй гэдгийг санах хэрэгтэй.

6. Сэтгэл зүйн дайралт, сүрдүүллэг, доромжлол. Шууд бие мах бодид хор хохирол учруулдаггүй ч эдгээр сэтгэлийн дарамт нь газар авах тусам тухайн айдас стресийг гадагшуулаагүйс даван туулахад улам л бэрх болж амиа хорлох хүртэл явагддаг. Ихэвчлэн дотогшоо, шийдэмгий бус хүмүүс энэ төрлийн дайралтыг маш хүндээр тусгаж авдаг.

7. Итгэл алдрах. Маш их итгэж байсан зүйл нь бүтэхээ болих. Хэн нэгэн хүнд эсвэл өөртөө хэтэрхий итгэж байсан ч үнэнээс хол зөрөх зэрэгт зарим хүмүүс шокын байдалд ордог. Цааш цаашдын найдвар нь үгүй хийгдэж амьдрах утга учир нь ч дагаад сарничихдаг. Гэвч итгэл гэдэг нь заавал бүтэх ёстой зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Итгэл бол бүтээсэй гэсэн таамаг төдий зүйл болохоос бодит онол биш. Хүн бүр л итгэл алдардаг. Энэ шалтгаан нь бусад амиа хорлох шалтгаануудтай харьцуулахад хамгийн хөнгөн нь юм. Иймд итгэл алдрах нь хэвийн зүйл. Найдвар тасрахгүй амьдрал үргэлжилдэг гэдгийг өөртөө сануулж байх.

8. Архаг өвчин өвдөлт. Үүнд ямар ч төрлийн өвчин багтаж болно. Гэхдээ ихэвчлэн эдгэрэшгүй өвчтэй, нэгэнт эмчилгээгүй болсон хийгээд биед маш их зовиур өгдөг өвчтэй хүмүүс амиа хорлох хурдан үхэх талаар боддог. Амиа хорлох нь л тэр бүх өвчнөөс ангижруулах шийдэл мэт санагдуулна.

9. Санхүүгийн асуудал. Мөнгө бол нийгмийн томоохон түлхүүр. Гэвч амьдралын амин чухал зүйл огтхон ч биш. Мөнгө зөвхөн хүний хийж чадах зүйлээр хязгаарлагддаг. Дааж давшгүй их өрөнд орсон, эсвэл ажлаасаа халагдсан, амьдралын боломжгүй болсон, мөнгөгүйдээ гутарсан зэрэг төрөл бүрийн шалтгаанаас хүн амиа хорлодог. Гэхдээ нэг л зүйлийг санах хэрэгтэй. Амьдралаа үргэлжлүүлж аз жаргалтай байхыг чинь таны дотоод сэтгэл зүй л шийддэг. Амиа хорлолт шийдэл биш.

10. Ганцаардал, нийгмээс тусгаарлагдах. Ихэвчлэн нийтэч хүмүүс ганцаардал, нийгмээс ангид амьдрахыг тэвчиж чаддаггүй. Тэдний зайлшгүй хэрэгцээ нь яах аргагүй олон дундаа байх нь мөн. Эсвэл таарч тохирохгүй хүмүүстэй цуг байснаар хүн ганцаарддаг. Гэвч яг таньтай адил 1000 1000 хүн байдгийг санаж тэднийг хайж олох нь чухал билээ.

Дээрхээс гадна маш олон шалтгаан байдаг. Амиа хорлох нь маш том сэдэв тул дараа дараагийн нийтлэлээр тус бүрт нь задлан бичнэ.

Мөн амиа хорлох үйлдэл нь сэтгэц хэвийн хүмүүсийн хувьд ганц өдөр шийдээд хийчихдэг зүйл биш юм. Иймд эртнээс асуудлыг бага дээр нь мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдож шийдлээ эрэлхийлж, сэтгэлийн өвдөлтөө багасгах ёстой!

Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012

0 Comments