Энэ асуултын хариултанд маш олон шаардлагыг жагсааж бичиж болно л доо. Хүн бүр л өөрсдийн хүсэл шаардлагаа цувуулж өгнө. Тэгээд унших юм бол сайн хань гэдэг ойлголт нь бараг л нэг сүпермэн маягийн баатар болж хувирдаг. Хүмүүс үзсэн кино, урлаг уран сайхны хэтрүүлэгтэй зүйлсэд автахдаа хань ижилтэй болохоосоо өмнө, болсон хойноо ч нөгөө л төсөөллийнхөө сүпер хүнийг хүлээсээр байдаг гэвэл хэлсдэхгүй.
"Үгүй ээ би сүпер хүн хүсээгүй ээ. Зүгээр л бага зэрэг ийм байгаасай ... " гэсэн тайлбар тавихыг ч мэдэж байна. Гэвч тэр нь бас л тодорхой хэмжээний хувийн хүсэл шаардлага агуулна. Хувийн хүсэл шаардлагыг үгүйсгэхгүй. Гэхдээ таны хувийн хүсэл шаардлагад нийцэхгүй болохоор л тэр муу хань ижил гэсэн үг бас биш юм. Хүний хувийн хүсэл шаардлага бол үнэний хэмжүүр биш.
Тэгвэл ямар хань ижлийг сайн хань гэх вэ? 🙂
Точвхондоо бол анх таньтай танилцахдаа, үерхэхдээ ямар хүн байсан тэр хүн чинь гэрлээд цуг амьдарсан хойноо ч яг хэвээрээ байвал тэр бол сайн хань ижил мөн юм. Яагаад сайн хань мөн гэж үү? Учир нь та өөрөө сонгосон болохоор. Та тэр хүнд итгэж сонгосон болохоор таны сонголт бас итгэл чинь буруу байсангүй. Хань ижил чинь хоёр нүүр гаргасангүй. Ямар хүн байсан яг тэр хэвээрээ байна гэдэг маш сайн. Мэдээж сайн талаараа өөрчлөгдөж хөгжиж байвал бүүр ч сайн л даа.
Гэхдээ хүмүүс бид хажуудахаасаа тийм шаардлага тавьж хүлээх хэрэггүй л байгаа юм. Энэ хүлээлт шаардлагаас болж гомдол, цөхрөл, маргаан бий болж залуу хосууд өчүүхэн үл ойлголцлоос болж салах дээрээ тулдаг нь тун харамсалтай. Гэтэл тэр үед аль хэдийн хүүхэдтэй болж өөр гуравдагч хүний хувь заяа яригдах хэмжээнд очсон байхад насанд хүрсэн эцэг эхчүүд зөвхөн БИ үзлээсээ болж "Миний хүсэл миний шаардлага" гэсэн хатуухан хэлэхэд балай зүйл ярьсаар хүүхэд өнчрүүлдэг.
Хэзээ ч битгий "Энэ хүн өөрчлөгдөнө дөө" гэж бодож гэрлэ. Нэгт хүн үндсээрээ өөрчлөгдөнө гэдэг тийм амар зүйл биш. Хоёрт та тэр хүнээс юм хүлээх биш тэр хүнийг насаараа хайрлаж чадна гэж дэр нэгтгэснээ санаарай. Хайрлана гэдэг бол угтаа ямар ч нөхцөл болзол байх учиргүй юм. Тэгсэн тохиолдолд л би үүнийг илүү их хайрлана гээд наймаалцах гээд байгаа ч юм шиг.
Мэдээж гэр бүлийнхээ ирээдүйн төлөө, өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө хажуудахдаа тодорхой хэмжээний хүсэл шаардлага тавих нь зөвөө. Гагцхүү тэр хүсэл шаардлага бүгдийх нь төлөө буюу би биш бид гэсэн зорилго агуулж байх л ёстой юм. "Чи надад ийм юм аваад өгсөнгүй биш" "Чи гэртээ ийм юм авчихвал манай гэрт их хэрэгтэй байна даа" гэх. "Чи архиа боль надад хэцүү байна" гэх биш "Архи чинь чиний эрүүл мэндэд хор хөнөөлтэй бас үр хүүхдэдээ зарцуулах мөнгөнөөс хумсалж байна. Энэ нь эргээд манай гэр бүлд хүндрэл учруулна" гэх. Энэ хоёр хүсэл шаардлага ижил төстэй юм шиг боловч цаад зорилго нь тэс ондоо гэдгийг ойлгоорой.
Нөхцөл болзол хүлээлт тавихаа л больчихвол залуу хосуудын маргааны бараг 99 хувь нь алга болчих нь. Бие биенээ хайрлана, хамгаална, хань болно, нэгнийгээ одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрнө, хэн хэнийхээ эрхэнд халдахгүй гэж л хань ижил болсоноо үргэлж санаарай. Нэгэнт л тэс өөр хоёр хүн нэг гэрт ороход хэрүүл маргаан, үл ойлголцол цөөнгүй тохиолдоно. Энэ бүрт дааж давшгүй зовлон үүрсэн мэт асуудлыг хүндрүүлж, гомдоллож, нөхцөл болзол, хүлээлт шаардлагаа улам нэмж бие биедээ хатуурхсаар хүүхэдтэй болсон хойноо жаахан хүүхдүүд шиг муудалцаж салах нь дэндүү харамсалтай.
Тэгвэл ямар ханийг муу хань гэх вэ? Анх байснаасаа тэс ондоо болсон хүнийг. Мэдээж муу талаараа. Анх танилцахдаа үерхэхдээ маш сайн хүний дүрд жүжиглэж байгаад эцэст нь тараа таниулж байвал тэр яах аргагүй муу хань мөн. Та тэр хүнийг өөрийн үнэлсэн дүгнэснээрээ сонгосон байхад таны итгэлийг алдаж өөрчлөгдөнө гэдэг тун тоогүй. Гэхдээ нэг л зүйлийг санаарай.
Муу ч сайн ч хань ижил чинь гэр бүлийн дундын эрх ашигт халдаагүй, таны хувийн орон зай эрх чөлөөнд халдаагүй л бол та тэр хүнийг хувь хүн талаас нь бол байгаагаар нь хайрлах хэрэгтэй юм шүү. Хосууддаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Алдаж болно, алдаагаа давтаж болохгүй гэдэг шиг нэг сэдэв дээр маргалдаж болно. Харин тухайн сэдэв дээрээ дараа нь давтаж маргалдах л утгагүй асуудал.
Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012
0 Comments