Маш олон эцэг эхчүүд хүүхдийнхээ насыг мэдрэхгүй шийдвэрт нь оролцсоор байдаг. Зэрлэг байгаль дээр хүртэл ан амьтан үр төлөө төрөл бүрийн зүйлд сургадаг. Шаварт суусан төлөө аварч чадах байсан ч өөрөөр нь гаргаж сургадаг.
Ирвэс бол үр төлөө модонд авирч сургах гэж хичнээн удаан модноос унасан ч өөрөөр нь л гаргаж сургадаг. Бусад араатны дайралт л ирээгүй бол өмнөөс нь зуугаад дээш гаргаж муу зан сургадаггүй. Энэ бүхний эцэст амьтад нас бие гүйцээд байгаль дээр биеэ даан хоолоо олж идэх, цаашлаад амиа аргалаад амьдрах чадвартай болдог.
Хэрэв та хүүхдээ хүүхэд чигээр нь буюу хэдэн ч нас хүрсэн биеэ даах чадваргүй нэгэн байлгахыг хүсвэл зорилго, мөрөөдөл, амьдрал шийдвэр гээд бүх зүйлд нь оролцоод бай. Урдуур нь гүйгээд өмнүүр нь шүүмжлээд л эцэг эх нь өөрийгөө үнэний толь мэт төсөөлөөд зогсоо зайгүй сургааль айлдаад бай. Нэг л өдөр хүүхэд чинь нас нь хэд хүрсэн ч хамаагүй өөрийн шийдвэргүй, биеэ даан амьдрах чадваргүй, амьдралын айдастай, үлбэгэр сул дорой нэгэн болсон байх вий.
Мэдээж ийм үр дүнг ямар ч эцэг эх хүн хүсэхгүй байх. Хэрэв энэ үр дүнг хүсэхгүй л байгаа бол та хүүхдээ алдуулж сурга. Насанд нь тааруулж өөрөөр нь толгой мэдүүлж шийдвэр гаргуулж сурга. Алдаа онооны амтыг аль алийг нь мэдрүүл. Цаг үе хувьсан өөрчлөгдөж буй тул таны өнгөрсөнд харсан үзэл бодол мэдлэг өнөө цагт хоцрогдож харин эсрэгээрээ хүүхдийн чинь амьдралыг харж байгаа өнцөг илүү зөв байх магадлалтай.
Зарим эцэг эхчүүд хүүхдээ насанд хүрээд цаашилбал 20 гарахад нь бүүр цаашилбал 30 хүрч байхад нь хүртэл амьдралд нь орооцолдсоор байдаг. Бурхан минь энэ чинь байж боломгүй зүйл шүү дээ. Байгалийн хуулийг зөрчиж амьдрах чадваргүй нэгэнг бий болгож байгаатай агаар нэг.
Учир нь 20 + насны үедээ хүүхэд чинь уг нь бол аль хэдийн насанд хүрсэн залуу хүний хувьд таниас ч илүү ухаалаг шийдвэр гаргах, амьдралыг эрчтэй сөрөх чадвартай болчихсон байх үе. Гэтэл тэр зүйлийг нь хүлээн зөвшөөрөхгүй бол хүүхэд чинь хүүхэд чигээрээ л байна. Өөртөө итгэхгүй дадал сууна. Хуучны сайн хүүхэд гэдэг тодорхойлолт нь одоогийн зориггүй, өөртөө итгэлгүй, шийдвэргүй, биеэ даах чадваргүй нэгэн үеийг бэлддэг.
Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments