Өсвөр насанд охидын сэтгэл зүй, зан байдалд ямар өөрчлөлтүүд явагддаг вэ?


 Өсвөр насанд охидын сэтгэл зүй, зан байдалд ямар өөрчлөлтүүд явагддаг вэ?

Нас биед хүрэхийн өмнөх үе шат бол өсвөр нас. Тэгэхээр өсвөр нас гэдэг нь нэг үгээр бол хүүхэд насны төгсгөл үе юм. Энэ үед хүүхдэд том хүн болох өөрчлөлтүүд эрчимтэй явагдаж байдаг учир сэтгэл зүйн хувьд маш тогтворгүй өөрийгөө ч ойлгохгүй үе тохиолддог. Тэгвэл өсвөр насанд охидын хувьд ямар өөрчлөлтүүд явагддаг вэ?

1. Ичимхий болдог. Бага насанд хүйсийн ялгаа нэг их гардаггүй. Хүүхдүүд ч хүйсийн ялгаагаа тэр бүр мэдэрдэггүй. Тэгвэл өсвөр насанд ирэхээрээ хүйсийн ялгаагаа маш их мэдэрцгээдэг. Охидын хувьд аарцагны яс өргөсөх, хөх ургах, өөхний хувь тодорхой хэмжээгээр нэмэгдэх (эстроген дааврын нөлөө), хоолойны өнгө өөрчлөгдөх, суга болон умдаганд үс ургах, сарын тэмдэг ирэх зэрэг өөрчлөлтүүд явагддаг бөгөөд энэ нь охидод ичгэвтэртэй санагдах нь элбэг. Энэ үед охидтой эцэг эх ойр дотны хүмүүс нь илүү их ярилцаж, ойлголцож энэ өөрчлөлт нь хэвийн зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Мөн дээр дурдсан бие мах бодийн өөрчлөлт нь бие хүн болж өсч хөгжиж буй үе шат тул огтхон ч ичиж санаа зовох зүйл биш юм.

2. Гадаад үзэмж гоо сайханд хэт их ач холбогдол өгдөг. Зарим нь өөрийгөө голж, гадаад үзэмжийнхээ талаар сөрөг ойлголт тээснээр гутранги, хаагдмал, амархан гомддог зан байдалтай болдог бол зарим нь хэт өөртөө итгэх мөн л зөвхөн гадаад үзэмжиндээ л ач холбогдол өгч төрөл бүрээр гоёж гооддог. Бас түүнийгээ дагаад "Би" гэх үээл давамгайлж биеэ тоох, их зан суух, бусдыг үл хүндлэх зэрэг таагүй хандлагатай болдог. Дээрх хоёр нь хоёулаа л сөрөг үр дагавар бөгөөд өсвөр насны охид гадаад үзэмжиндээ анхаарах нь хэвийн үзэгдэл ч хэтэрхий өнгө үзэмжинд ач холбогдол өгөх, өнгөний үзэлтэй болохоос нь эцэг эхчүүд сэргийлэх хэрэгтэй юм. Охидыг байгаагаараа л хөөрхөн үзэсгэлэнтэй байна гэдгийг мэдрүүлж бас гадаад гоо үзэсгэлэнгээс илүү дотоод мөн чанар чухал гэдгийг ярилцаж ойлгуулж байх хэрэгтэй.

3. Эсрэг хүйстэндээ таалагдах гэж оролдох. Энэ насанд хүйсийн ялгаагаа маш их мэдэрдэг учир эсрэг хүйстнээ сонирхох, эсрэг хүйстэндээ таалагдах гэж оролдох нь хэвийн л үзэгдэл юм. Гэвч охидын хувьд энэ байдлаа нээлттэй илэрхийлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл өөрт нь таалагдсан хөвгүүндээ өөрийгөө ойлгуулж чадахгүйгээс хий дэмий шаналж сэтгэлээ зовоодог. Бас өсвөр насанд сэтгэл хөдлөл нь тухайн хүүхдийн боловсрол төлөвшлөөсөө хамаагүй түрүүлж явж байдаг учир үерхэлд маш болгоомжтой хандах хэрэгтэй юм. Буруу хүнтэй үерхэж нөхөрлөснөөр буруу зам руу орох эрсдэлтэй талаар эцэг эхчүүд нь түүний яг л хамгийн сайн найз шиг нь ярилцаж сануулж байх хэрэгтэй. Мөн гар хангалга гэж юу вэ? Аюулгүй бэлгийн харилцаа гэж юу болох талаар эртнээс ярилцаж ойлгуулах хэрэгтэй. Энэ нь хүүхдээ энэ зүйлд уриалж байгаа хэрэг биш ирээдүйд гарах эрсдэлээс хамгаалж буй асуудал юм.

4. Өрсөлдөх хобби. Яг л энэ насан дээр охид ч гэлтгүй өсвөр насныхан хоорондоо өрсөлдөх зан чанар маш хүчтэй илэрдэг. Энэ үед яах вэ? гэж үү? Зүгээр л үүнийг нь хүлээн зөвшөөрөөд зөв хэрэгтэй зүйлд нь ёс зүйтэй өрсөлдүүлж сурга. Хурцал ирлэ. Харин хэзээ ч өөр хүүхэдтэй харьцуулж ярьж болохгүй. Тэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

5. Шинэ ертөнц. Охидын хувьд өсвөр насандаа өөрийн төсөөлөл үзэл бодлын ертөнцтэй болдог. Тэдний ертөнц маш эмзэг тул та түүний хувийн орон зай, үзэл бодолд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Магадгүй тэд буруу бодож байж болно. Гэвч өөрийх нь хувьд өөрөө л хамгийн зөв нь. Тэр нь ч зөв юм. Арай гэж өөртөө итгэлтэй болох зан чанарыг олж авах гэж байхад нь тэр итгэлийг нь эцэг эхчүүд маань мэдрэмжгүй байдлаасаа болж хугалчих гээд байдаг талтай.

6. Захирангуй дууны өнгө, бусдын хүчинд автахад тэдэнд маш хүнд тусдаг. Энэ насандаа охид маш эмзэг болдог талаар дээр дурдсан. Тэгвэл тэднийг загнах, зодох талаар бодоод ч хэрэггүй. Угаасаа охидууд зөөллөөд ярихад ойлгодог юм. Үнэхээр шаардлагатай тохиолдолд тохирсон цагт нь жинтэй хатуу үг хэлж ойлгуулж болох л юм.

Мэргэжлийн сэтгэл зүйчтэй холбогдох: 🤙 86092012

0 Comments