Зарим үед хэнд ч баймгүй эрч хүч хөөр догдлол амтагдаж харин зарим үедээ огцом сэтгэл гутралд ямар ч шалтгаангүйгээр автаж амиа хорломоор санагдах.
Эсвэл өөрийн хяналтгүй сайн муу үйлдэл хийх жишээ нь мөнгөөрөө ямар ч хэрэгцээгүй баахан юм худалдан авах, өөрийгөө гэмтээх, бусдад эвгүй үг хэлэх эсвэл шалтгаангүй маш их тус хүргэх.
Бэлгийн дур хүсэл огт байхгүй болох. Харин үе үе ямар ч хяналтгүй бэлгийн дур хүсэл оргилох. Хэнтэй ч хамаагүй бэлгийн харилцаанд ороход бэлэн сэтгэгдэл төрөх.
Ер нь л тэс хоёр өөр хүн мэт зан байдал гаргах, сайн муугийн хоёр туйлд хүрэх эмгэгийг хоёр туйлт сэтгэцийн эмгэг буюу "bipolar disorder" гэдэг.
Одоогоор энэхүү сэтгэцийн эмгэг нь ямар шалтгаанаар үүсгэгддэг нь хараахан тодорхойгүй ч гэр бүлийн уур амьсгал, эцэг эхийн зан байдал ихээхэн нөлөөтэй гэж үздэг. Мөн уг эмгэг нь эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд илүү тохиолддог.
Учир нь байгалиасаа эмэгтэй хүний зан байдал, сэтгэл хөдлөл эрэгтэй хүнийхтэй харьцуулахад тогтворгүй талдаа тул энэ төрлийн сэтгэцийн эмгэгд өртөх магадлал өндөртэй. Мөн өсвөр нас, насанд хүрсэн гээд бүх насныхан энэ эмгэгээр өвчилж болдог.
Нэгэнт хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй гэдэг нь оншлогдсон бол энэ бүр мөсөн эмчлэгддэггүй өвчин юм. Гэхдээ сэтгэл зүйн хүчтэй хэлбэлзлийг тогтворжуулах, бууруулах бүрэн боломжтой. Үүний тулд эмийн эмчилгээ хийгддэг ч сэтгэл заслын эмчилгээ хамгийн үр дүнтэй.
Мөн хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүн бусад сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй харьцуулахад нийгэм дээр бусдаас тусгаарлагдахгүйгээр амьдрах бүрэн боломжтой бөгөөд хоёр туйлынхаа нэг туйл буюу эрч хүч давамгайлах тэр үеийг зөв зүйлд ашиглаж чадвал бүтээлч байдлаараа хэвийн хүнээс ч илүү чадамжтай байж чадна. Энэ нь тухайн сэтгэцийн эмгэгийг давуу тал болгон ашиглах нэг өнцөг юм.
Их Британийн ерөнхий сайд асан Winston Churchill, Америкийн алдарт дуучин Frank Sinatra, реппер Kanye West, дуучин Selena Gomez зэрэг алдартнууд бүгд хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй ба энэ төрлийн сэтгэцийн эмгэгтэй хүмүүс том амжилт үзүүлж болох бүрэн жишээ эдгээр хүмүүс юм.
Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нь аливаа сайн муу зүйлд донтох магадлал маш өндөртэй байдаг тул эргэн тойрны хүмүүс нь муу зуршлаас эрт дээр нь хол байлгахад анхаарах чухал.

0 Comments