Амьдралын найзаа хэрхэн сонгох вэ?


 Сайн найз бол амьдралыг хөглөгч шидтэн юм. Харин тааруухан найз бол зүгээр цаг мөнгөний гарлага болдог.

Найзаа сонгоно гэдэг хүнийг сайн муугаар нь ялгаварлахдаа биш та өөрийн үнэтэй цаг хугацаагаа хэнд зориулах вэ? гэдэг л асуудал билээ.

Тэгвэл ямар хүмүүст цагаа зарцуулах буюу ямар хүнийг найзаа болгох нь таны амьдралд маш их өөрчлөлт, аз жаргалыг авч ирэх тухай бичье.

1. Өөрөөсөө өөр ертөнцийг үзэх үзэлтэй, мэдлэг чадвартай найзтай бол. Ингэснээр хүн өөрөөсөө өөр нэгнийг хүлээн зөвшөөрөх, аливаа зүйлийг өөр нэг талаас харж сурна. Бас ажил амьдрал тийм хүн танд яг нүдээ олсон тус дэм өгч мэдэх юм. Яг л таньтай адил ур чадвартай, таньтай адил үзэл бодолтой найз хэдий яриа нийлэх нь сайхан болов ч асуудал шийдвэрлэх дээр адилхан л гацдаг.

2. Зорилго нэгтэй хүн бол ямар ч үнээр хамаагүй нөхөрлө. Онжавууд амь нэгтэй байдагтай адил та аливаа зүйлийн төлөө сурч, боловсорч ажиллаж байгаа бол тэр зүйл рүү чинь яг адил тэмүүлж байгаа хүн бол таны нөгөө хэсэг л гэсэн үг. Мэдээж тухайн хүн чинь маш ёс зүйгүй өрсөлддөг, хуншгүй нэгэн бол нөхөрлөхөөс зайлсхийх нь зөв. Цагаан атаархал, шударга өрсөлдөөн явагдаж байгаа цагт та хоёр бие биенээ маш сайн дэмждэг найзууд л гэсэн үг.

3. Чамайг хүлээн зөвшөөрөх чадвартай хүнийг найзаараа сонго. Тэр хүн таныг байнга магтаад урамшуулаад байх албагүй л дээ. Харин хамгийн гол нь ялалтанд чинь баяр хүргэж, ялагдлыг чинь хүлээн зөвшөөрч байгаагаар чинь нөхөрлөдөг хүнийг битгий алдаарай.

4. Хобби, сонирхол ойролцоо найзтай бол. Энэ нь таны амьдралын утга учир, баяр баяслыг нэмэгдүүлэх найз болдог. Ганцаардсан үед яриа нийлэх, яг адил сонирхол хоббитой тийм хүн бусдаар ямар ч байсан танд зайлшгүй хэрэгтэй хүн мөн.

5. Мэдлэгээр цангадаг найзтай бол. Үргэлж ямар нэг зүйлийг яаж хийхийг судлаж байдаг, тэмүүлэлтэй тийм хүн таны найз байж чадвал та ч гэсэн алтны дэргэд гууль шаралдагийн адилаар суралцах болно. Амьдрал өөрөө ахиж сайжрахыг үргэлж шаарддаг тоглоом учир энэ тоглоомны түнш танд хэрэгтэй.

6. Ёс зүй, итгэл үнэмшил бат бөхтэй хүнийг ямар ч байсан хамаагүй найзаараа сонго. Өөрийн гэсэн зарчимтай, ёс зүйтэй, шашин шүтлэгтэй хүн буруу зөвөө маш сайн ялгадаг. Өөрөөр хэлбэл тийм хүн хүний итгэлийг алдах гэдэг ойлголт бараг л байдаггүй. Тийм найзтай бол та өөрийгөө азтайд тооцоорой.

7. Дээд дурдсан бүхнийг та өөрөө гаргаарай. Амьдрал бол нөхөрлөл бол авах өгөхийн дүрэмтэй. Бусдаас маш их зүйл хүсдэг ч өөрөө та хэн ч биш бол найз нэртэй худлаа жүжигчид л таныг тойрон хүрээлэх болно.

Эцэст нь найз гэдэг хүн төгс байх албагүй. Ийм хүнтэй нөхөрлө, тийм хүнтэй нөхөрлө гэх бусдын зөвлөгөөнөөс илүү та өөрийгөө танин мэдэж надад яг ямар хүн таарах вэ? гэдгээ олж тогтоох юм.

Хамгийн гол нь амьдралын хатуу гүтүүд унаж босоход ч хажууд чинь анх хэн байсан түүгээрээ байх найз л чухал шүү.

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments