Эрчүүд яагаад уйлж болохгүй гэж?


 "Чи эр хүн байж уйлах ёсгүй" "Чи эр хүн байж тайлбар тавих гэлээ" "Чи эр хүн байж янгуучиллаа" "Чи эр хүн байж эмэгтэй хүнтэй тэрсэлдээд" г.мэт эр хүний эрхийг хазаарлаад байдаг эдгээр түгээмэл үгс нь анхандаа эрчүүдийг хүчирхэг шүү гэдгийг ойлгуулах урмын зорилготой үг байсан авч одоо цагт маш буруугаар хэрэглэдэг болжээ.

Уг нь бол "Чи эр хүн шүү дээ. Ийм зүйлийг даваад гарна. Битгий шантар, битгий ай" гэдэг утгаар урам өгч хэлэх нэг өөр хэрэг л дээ. Харин өөрийн эрх ямба, ашигийн төлөө нөгөөхөө "Чи эр хүн байж битгий тайлбар тавиад бай, чи эр хүн байж буулт хийгээд сурчих" гэж байвал энэ бол шал өөр утга болоод явчихна.

Эрчүүд маань ч энэ үгэнд бүүр кодлогдчихсон "Нээрээ л би эр хүн юм чинь ийм юм ярьвал доошоо орчихно, ингэж тайлбар тавьбал адлуулна, эр хүн юм чинь дуугүй л өнгөрөе, эр хүнд ийм юм байх, би эр хүн юм чинь эмч, сэтгэл зүйч дээр очиж доошоо орохгүй" г.мэт ухамсрын бус мунхаг бардам зан буглачихсан. Хэрэв таны зөв л бол та өөрөө эр, эм байх чинь огтхон ч хамаа байхгүй өөрийгөө зөвөөр илэрхийлж сурах хэрэгтэй.

Гэвч аргагүй шүү дээ. Өсгөсөн орчин нь хүртэл багаас тэгээд кодлочихож байгаа юм чинь. Багш нь хүртэл хөвгүүд хойноо зогс, охидуудаа эхлээд оруул г.мэт. Тэгвэл яагаад охидууддаа ч мөн адил хөвгүүдээ хүндлэх талаар ойлгуулдаггүй юм бэ? Би эмэгтэй юм чинь яасан ч яадаг юм гэсэн байдал, энэ эрэгтэй юм чинь намайг л хүндлэх ёстой гэсэн ойлголт багаас нь суулгачихсан байдаг. Мэдээж бүгд биш ч тийм ойлголт нийгэмд маш их бий.

Энэ эрэгтэй хүүхэд яахав өөрийгөө болгочихно. Охиноо л нэг боловсролтой болгочихъё гэж багаас нь хүртэл боловсролын заагийг хүчээр үүсгэчихдэг. Эргээд нийгэм дээр эрчүүдээ голдог хүүхнүүд их. Угтаа тэр муулаад буй эрчүүд чинь л хамаг хар бор хүнд хүчир ажлыг нугалж өгдөг юм шүү.

Энэ бүхний хамгийн сөрөг үр дүн нь эрчүүдийн амиа хорлолт, архидалт, мансууралт, хүчирхийлэл, гэмт хэрэгт орооцолдох асуудлууд гээд маш их. Тэд жинхэнэ эр хүн болохоороо амиа хумхиж дотроо буглан архитай найзлах ёстой юм уу? Тэд жинхэнэ эр хүн болохоороо өвдсөнөө хэлэхгүй амиа хорлодог юм уу? Ийм хүнийг жинхэнэ эр хүн гэх үү?

Нийгэм маань эрчүүдээс хүсдэг жинхэнэ эр хүний тодорхойлолт маань өөрөө ийм үр дүн рүү түлхдэг юм биш үү? Сэтгэл зүйн зөвлөгөө төвд маань эрчүүд ирэх нь маш ховор. Яагаад гэдгийг сайн мэдэж байна.

Тэд сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж ирэх юм бол нөгөө л нэг кодлогдчихсон ойлголт нь доош орчихсон мэт хийсвэр мэдрэмжийг төрүүлдэг. Эсвэл ойр дотны хэн нэгэн нь сэтгэл зүйч дээр очсоныг мэдвэл шоолонгуй хүлээж авах маягтай. Аа эсвэл зүгээр л сэтгэл зүйн зөвлөгөө авах хэмжээнд бишээ гэж өөртөө хана босгочихдог.

Тэгвэл зүгээр л өдөр тутмын муу зуршил, бэрхшээл, жижиг асуудал ч сэтгэл зүйн зөвлөгөө авах шалтгаан мөн шүү дээ. Асуудлыг жижиг гэж үл тоомсорлосноор улам л томордог. Сул дорой яахаа алдчихсан хүн сэтгэл зүйн зөвлөгөө авдаггүй юм. Өөрийгөө хайрладаг, бусдыг хайрладаг амьдралын чанараа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй хүн сэтгэл зүй болоод бие мах бодь эрүүл мэнддээ анхаардаг.

Эрчүүдээ өөртөө хайртай бай, бие биенээ ч бас хүндэтгэдэг бай. Эрчүүд эрчүүдийгээ хайралъя. Эмэгтэйчүүд маань эрчүүдийгээ ойлгож хайрлаарай. Тэд ч бас таныг хайрлах болно. Эцсийн эцэст эр, эм гэдэг хүмүүс бол бие биедээ байдаггүй давуу болон сул талыг оршоосон нэг биений хоёр тал юм шүү дээ!

Эрчүүд ч гэсэн эмэгтэй хүнтэй адил харлуулж, урмын үг сонсохыг хүсдэг адилхан л хүн шүү дээ тийм болохоор эрчүүдээ хайрлаарай. Эр хүн үгүй бол эх орон чинь эзгүйрнэ, эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ гэдэг үг зүгээр ч бий болчхоогүй байх.

Эр хүн та өнөөдөр сэтгэлээ онгойтол асгартал уйлж болно.

Мэргэжлийн сэтгэл зүйч таныг хүлээж байна: 🤙 86092012

0 Comments