Эрүүл бус хардалт бол харилцаандаа итгэлгүй байгаагийн зан байдлын сөрөг илэрхийлэл юм. Хэт даамжирснаар зан байдлын архагшсан эмгэг болох эрсдэлтэй.
Гэхдээ хардалт ер нь хэрэгтэй юу? Сэтгэл зүй талаасаа хардалтыг эрүүл болон эрүүл бус гэж хоёр ангилдаг. Эрүүл хардалт гэдэг нь аливаа зүйлд шүүлтүүргүйгээр итгэснээс үүдэх ирээдүйн эрсдэл алдаанаас өөрөө өөрийгөө хамгаалах сэтгэл зүйн хариу үйлдэл.
Харин гэр бүлийн харилцаанд эрүүл хардалт нь "Бидний харилцаанд юу болохгүй байна, яагаад хөндийрөөд байна. Хажуудах маань өөр хүнд татагдах ямар шалтгаан байна" г.мэтчилэн асуудлыг бодитоор харж, шийдвэрлэхийг эрмэлзэж өөрийгөө хуурахаас хамгаалдаг 😎 . Мөн хажуудахаа илүү их харамлах би чиний хань ижил шүү гэдгээ зөвөөр илэрхийлэн ойлгуулах нь эрүүл хардалт мөн.
Гэвч гэр бүлийн харилцаанд хүн бүр л эрүүлээр хардаж асуудлыг хөнгөн шийддэг байсан бол гэр бүлийн сэтгэл зүйч гэх хүний хэрэг ч юу байх билээ. Ихэвчлэн хэрүүл шуугиан болгож, болоогүй зүйлийг ч болсон мэтээр төсөөлөх, өнгөрснийг сөхөн дэвэргэх гээд өөрөө өөрийгөө зовоох хандлага их байдаг. Энэ нь өөртөө итгэлгүй бас өөрсдийн харилцаандаа итгэлгүй байгаагийн шинж. Гэр бүл болохын гол утга учир бие биедээ итгэх. Хэрэв энэ итгэлцэл үгүй бол гэр бүлийн харилцаа биш болно. Иймд сөрөг хардалт нь гэр бүлийн харилцаанд огт байж болохгүй.
Тэгвэл сөрөг хардалтыг хэрхэн дарах вэ? Аливаа зүйлийг сэтгэл хөдлөлөөр бус бодитоор дүгнэн шинжих чухал. Үнэхээр таныг хуурсан эсэх? Яг бодитоор? Хэрэв тийм бол үүнийг яаж засч болох уу? Хэрхэн уучилж болох? Бүүр боломгүй бол салах зэрэг хамгийн хохирол багатай шийдлийг хайх. Ямар ч тохиолдолд харилцаагаа болон өөрийгөө зовоох шаналгах буруу хардалтаа өөхшүүлж болохгүй юм.
Хэрэв таны эхнэр/нөхөр хэтэрхий хартай мэт санагдаж байвал та залхах гэхээсээ илүү хань ижилдээ туслах гээд үзээрэй. Учир нь хань ижлийнхээ хардалтыг багасгахад томоохон нөлөөг та өөрөө л үзүүлж чадна. Бодит нөхцөл байдлаа үнэн мөнөнөөр нь тайлбарлаж ойлгуул. Ойлгомжгүй, нууцлаг санагдсан зүйлийг нь ил тод болго. Хардалт бол хийсвэр. Харин бодит нөхцөл байдлыг ойлгуулж, харуулж, итгүүлж чадвал хардалт багасах бүрэн боломжтой.
Нийгмээс тусгаарлагдах маягтай хүмүүс хажуудахаа хардах нь олонтой. Учир нь нийгмийн хэвийн харилцааг үл ойлгохдоо өчүүхэн зүйлд хардах хандлагатай болчихдог. Хэрэв тийм бол та эхнэрээ/нөхрөө нийгмийн харилцаанд оруулж цугтаа олонтой харьц. Харах өнцгийг нь тэлэхэд тусла. Өөрийн эрх, хил хязгаар харилцааны цар хүрээгээ харуул. Мөн гэр бүлийн хүрээнд нийгэм дээр бусадтай харьцдагаасаа илүү их сэтгэл гаргах, дотно байх. Ямар ч тохиолдолд чи миний хувьд бусдаас илүү хамгийн чухал хүн юм шүү гэдгээ мэдрүүлэх зэрэг нь маш үр дүнтэй байдаг.
0 Comments