Таны эрч хүч энергийг сулруулж байдаг хүмүүсийн голлох сөрөг шинжүүд

 


Бид заримдаа харилцаандаа дасан зохицоод ойр тойрны хүмүүсээ ажиглахаа больчихсон байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлд хүртэл дасан зохицоод явж байх жишээний. Хааяа ч болов сиймхий гаргаад таныг ер нь ямар хүмүүс хүрээлээд байгаа гэдгийг сайтар шинжээд авч байгаарай 🧐. 
Хүнд эрч энерги өгдөг бас бардаг хүмүүс нь ихэвчлэн л ойр тойрны хүмүүс нь байдаг. Тэгвэл яг ямар шинж агуулсан хүмүүс таны ойр тойронд бугшсанаар таны эрч хүч сулрах вэ? 
1. Таныг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаггүй. Мэдээж дотны хүн чинь таныг ахиасай сайжраасай гэсэн хүсэл агуулж байж болно. Гэхдээ тэр хүсэл нь таны төлөө гэсэндээ биш өөрийнхөө төлөө буюу тухайн хүн өөрт таалагдуулах гэж шаардлага тавина гэдэг бол маш буруу. Хэрэв ийм төрлийн шаардлага тавьдаг, таны хамрын үзүүрээс цааших асуудалд бүдүүлгээр оролцдог, үргэлж шүүмжилдэг, үгүйсгэдэг хэн нэгэн ойр тойронд чинь байвал тэр хүн таны хэн ч байсан хамаагүй та өөрийн хил хязгаараа заавал зааж өгөөрэй. Нэг бол тэр хүн таны хил хязгаарыг хүндлэх ёстой. Үгүй бол тэр хүн ойр дотны чинь хүн байх эрхгүй хүн юм. 
2. Би үзэл нь хэтэрсэн. Хамтын буулт уян хатан зан л харилцааг удаан хугацаанд оршин тогтнуулдаг. Гэвч нэг тал руугаа хэвийх буюу нэг нь хэт "Би" үзэлдээ баригдаж, өөрийгөө л чухалчилж таныг үл тоомсорлосон, таны хүсэл сонирхол мэдрэмжийг үгүйсгэж байвал тэрээр огтхон ч таны ойр дотны хүн байх эрхгүй. Та өөрийн хүсэл сонирхлыг тийм хүний төлөө замхруулж хэрхэвч болохгүй гэдгийг л санаарай. 
3. Амандаа багтдаггүй. Мэдээж ойр дотны хүний хэлсэн ам гэдэг үргэлж итгэл төрүүлж байдаг зүйл юм. Бас  нөгөөтэйгүүр хэлсэн ам бүр бүтэх албагүй ээ. Гэсэн ч хэлсэн л бол тухайн хэлсэн зүйлдээ хичээх, зүтгэх, дөхүүлэх гэдэг бол амандаа багтаж буй нэг хандлага юм. Үргэлж худлаа ярьдаг, таны итгэлээр тоглодог, хэлсэндээ хүрэх гэж хичээдэггүй хүн таны урам зориг, итгэл, эрч хүчийг бага багаар алдуулж байдаг. Иймд ийм төрлийн хүн таны ойр дотны хүн байх эрхгүй. 
4. Уян хатан бус. Хэдий хатуу хүн байсан ч зөв зүйл дээр буулт хийж мэддэг байх чухал. Хэт муйхар зөрүүд чигээрээ, өөрийхөөрөө хүн таны ойр тойронд байх нь таны эрч хүчийг сулруулж байдаг. Ямар ч харилцан буулт үгүй, ямар ч харилцааныхаа төлөө бус тийм хүн таны ойр дотны хүн байгаад ямар хэрэг байх вэ?
5. Өөртөө хайргүй. Сонин сонсогдож байж магадгүй. Гэхдээ өөртөө хайргүй хүн бусдыг хайрладаггүй. Адаглаад л эрүүл мэндээ хайхардаггүй хүн эргээд хэнийг зовоох вэ гэдгийг бодоод үзээрэй. Өөрийгөө хайрлахгүй таныг хайрлана, өөрийгөө хайрлахгүй бусдыг бодно гэдэг тийм утгагүй зүйл хэзээ ч байхгүй. Өөрөө эрүүл саруул байж л бусдыг хайрлана шүү дээ. Өөртөө хайргүй гэдэгт муу зуршилд автсан, эрүүл мэндээ хохироодог, амиа хорлох гэж үздэг, өөрийнхөө төлөө зүтгэдэггүй гээд төрөл бүрийн сөрөг хандлагатай хүмүүс орно. 
Эцэст нь гэж хэлэхэд та өөрөө ч мөн дээрх 5 шинжээс хол байгаарай. Хүмүүс ямар ч байдлаар хоорондоо таарч тохирч болно. Гагцхүү дээрх 5 шинж нь л хамгийн их асуудал тарьдаг, ойр дотны хүндээ халтай хандлага юм!

0 Comments