хүчирхийлэлд донтох эмгэг буюу "Addiction to violence" гэж юу вэ?

 

хүчирхийлэлд донтох эмгэг буюу "Addiction to violence"  гэж юу вэ? 👊

Нийгэм хүчирхийллийн эсрэг хуулийн дагуу хатуу арга хэмжээ авч хүчирхийлэлтэй тэмцдэг. Энэ нь зөв ч гэсэн зөвхөн хуулийн зүйл заалтаар хүчирхийллийг бууруулна гэвэл өрөөсгөл юм. Хүчирхийлэл үйлдэгдсэн хойно авах арга хэмжээ нь нэгэнт найдваргүй болсон өвчтөнг өдөр хоног аргацааж өвчнийг нь намдаахтай агаар нэгэн билээ. Тэгвэл хүчирхийлэлд донтох нь өөрөө нэг төрлийн эмгэг юм. Хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь санаатайгаар үйлддэг ба санаатай буюу өөрийн дурандаа үйлдэж буй тэрхүү үйлдэл нь нэгэнтээ эмгэг болчихсон байх нь бий. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл үйлдэж түүнээсээ таашаал авах хандлагатай болчихсон байдаг.

Тэгвэл хүн хүчирхийлэлд хэрхэн донтдог вэ? Энэхүү эмгэгээр яагаад өвчилдөг вэ? Хүн хэвлийд бүрэлдэхээсээ эхлээд тархинд нь даван дийлэх чадвар /ability to cope/ сууж эхэлдэг. Энэхүү чадвар нь өөрийн биеэ хамгаалахаас эхлүүлээд бусдын дээр гарах, өөрийгөө бусдаас дээр тавихыг оролдох, өрсөлдөх гэх мэт сайн муу төрөл бүрээр илэрнэ.

Өөрөөр хэлбэл хүн төрөхөөсөө эхлээд муугаар яривал хүчирхийлэл үйлдэх өгөгдөл их бага хэмжээгээр суусан байдаг. Төрөлхийн даван дийлэх чадвар өндөртэй хүнийг багаас нь буруу зүйлд чиглүүлбэл хүчирхийлэгч болох хандлагатай. Энэхүү тархинд үүсдэг даван дийлэх чадвар нь идэвхтэй ажиллахад тестостерон дааврын ялгарал чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх нь эрэгтэй хүмүүс байдаг нь тестостероны ялгаралтай чухал хамааралтай. Мэдээж даван дийлэх чадвар, тестостероны ялгарал өндөр байх нь олон давуу талтай. Шийдэмгий, зоримог, дайчин, эрч хүчтэй байх цаашилбал эрүүл мэндийн чухал ач холбогдолтой. Гэвч сэтгэцийн хувьд багаасаа буруу жолоодогдсон, хүчирхийлэлтэй нүүр тулсан, таагүй орчинд өссөн хүүхэд том болоод тэрхүү даван дийлэх чадвараа ухамсаргүйгээр буюу хүчирхийлэл хэлбэрээр гаргах хандлагатай байдаг.

Даван дийлэх чадвар нь тухайн хүний зан байдлын онцлогоос хамаарч их ч бага ч ил гарч байх хэрэгцээ байдаг тул хэрэгцээг нь зөв зүйлд гаргаж сургах нь эцэг эхчүүдийн чухал үүрэг. Тэрхүү даван дийлэх хэрэгцээг спорт, хичээл, сонирхолд тулгуурласан хобби зэрэг рүү нь түлхэж өгөөгүйгээс төрөлхийн тестостерон даавар өндөртэй, даван дийлэх сэтгэхүйтэй хүүхэд өөрийн байгалийн зөнгөөр өнөөх чадвараа гаргадаг. Байгалийн зөн ширингийн хууль гэдэг нь хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэх, барих, хүчирхийлэх, алах.

Одоо хүчирхийлэгч яаж төрдөг вэ? гэдэг нь ерөнхийдөө ойлгомжтой болж байгаа байх. Бага байхад нь насанд хүрэгчдийн кино үзүүлэх, хүчирхийлэл харуулах, хүчирхийллийг хэвийн зүйл мэт ойлгуулах, асуудлыг хүчээр шийдэх зэрэг эцэг эхийн буруу зөрүү үлгэрлэлээс хүүхэд тэр дундаа эрэгтэй хүүхэд "Ингэж болох юм байна. Ийм байх ёстой юм байна." мсжийг авдаг.

Тэгвэл хүчирхийлэлд хэрхэн донтдог вэ? Нэгэнт хүчирхийллээр асуудлаа шийдээд сурчихсан хүний хувьд хүчрхийлэл үйлдсэний дараа асуудал нь цэгцрэх мэт таатай мэдрэмж авна. Тархи ямар нэг таатай мэдрэмжинд дуртай тул тэрхүү мэдрэмжийг нь дахин нэхнэ. Өөрийн үзэл бодолгүй, зорилгогүй, боловсролгүй нэг үгээр бол төлөвшөөгүй хүн байгалийн зөнгөөрөө тархи юу хүснэ түүнийгээ шууд л үйлддэг. Хүчирхийлэлд донтох тусам, хүчирхийлэл үйлдэгчийн авир улам л гаж болж эхэлдэг. Ёс бус бэлгийн харилцаа, эсрэг хүйстнийхээ зовж тарчлахыг харж баясах, цус үзэж санаа нь амрах, гажиг доромж үг үйлдэл үзүүлэх г.мэт энэхүү эмгэгийн хүндрэлд хязгаар байхгүй. Энэхүү авир нь нөгөө л нэг даван дийлэх хэрэгцээ, тестостерон даавартай хамааралтай. Зарим тохиолдолд хамгийн аймшигтай нь хүчирхийлэл үйлдэгч нь өөрөөсөө сул дорой нэгнийг угаасаа хүчирхийлүүлэх дуртай гэж ургуулан төсөөлдөг.

Хэрэв та хүчирхийлэлд донтсон эсвэл хүчирхийллээр асуудлыг шийдэх хандлагатай, зайлшгүй тийм нэгэн хэрэгцээ үгүйлэгддэг бол санаа зоволгүй энэхүү асуудалтайгаа нүүр тулан мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авч асуудлыг илүү хүндрүүлэхээс өмнө арга хэмжээ аваарай...


0 Comments